Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Тэд 4 дүгээр сараас хойш бага насны хүүхэд болон ганц нэгээрээ явж байгаа иргэдийг дагаж орц, гудамж руу ороход нь араас нь боож унаган зодож, хутга тулган эд зүйлсийг нь дээрэмддэг байсан гэнэ.

Гэмт этгээдүүд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд орогнож байхад нь дайчлан баривчлан шалгажээ.

Шалгалтаар эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн 3 удаагийн ял шийтгэл эдлэж байгаад 2019 оны 02 дугаар сард ШШГЕГ-ын хорих 411 дүгээр ангиас суллагдсан 20 настай Ц,  Т, 19 настай Т, нар нь Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 12 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. 

Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа гэв.

Цагдаагийн байгууллагаас дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр ажил арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулж байгаа хэдий ч бага насны хүүхдийг дээрэмдэх гэмт хэрэг гарсаар байгаа юм. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна