Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардах бичиг хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тэд "Монголын боловсрол дэлхийн жишиг болж буй 10 хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлж байна. Багш нар тэдгээр хөтөлбөрийг хөрсөнд буулгаад сурагчиддаа заадаг. Үүний үр дүнд Монгол хүүхдүүд гадаадад үнэлэгдэх нь өндөр болж, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна. Мэдээд алдаа дутагдал байгаа. Гэвч бид дэлхийн жишиг хөтөлбөрийг зааж сургаж байж, дэлхийн жишигт хүрэхүйц биш юмаа гэхэд дөхөхөөр цалин авдаг болмоор байна.

Бид ам ярианы үр дүнгээр ажил хаялтыг зогсоохгүй. Тодорхой, бодит шийдэлд хүрснээр ажил хаялтыг зогсооно" гэв.

Мөн Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав "Багш нар ажил хаяад 10 хонож байна. Энэ нь Монголын ирээдүй болсон хүүхдийн боловсрол тодохрой хэмжээгээр хоцрогдож, хохирч байна гэсэн үг. Гэтэл энэ асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх огтхон ч анхаарал хандуулахгүй байна. Багш нартай уулзахгүй байна. 

Өнөөдөр багш нарын дундаж цалин 530 мянган төгрөг байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татвараа суутгуулаад гар дээрээ 420 орчим мянган төгрөг л авч байна.

Багш нараа бүтэн жил гудамжинд тэмцүүлээд, 10 хоног ажил хаяхыг зүгээр хараад сууж байдаг улс орон Монголоос өөр байхгүй.  Бид 4-н удаа зөвшилцөлийн ширээнд суусан. бодит үр дүн муу байна.

Тиймээс өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайдад улс орны ирээдүй болсон хүүхдийн боловсрол, тэднийг сурган хүмүүжүүлдэг багш нарын цалин урамшуулалд анхаарал хандуулж, арга хэмжээ авахыг шаардсан албан бичиг хүргүүлнэ.

Багш нар нэгдэж, нэгдсэн журмаар Төрийн ордонд хүргэж өгнө" хэмээн ярилаа.