Х.Оргил
11 сарын 25, 2020
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар, Б.Жавхлан нар хадгаламжийн хүүг түр тэглэх замаар цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг багасгах санал гаргав.
Энэ тал дээр эдийн засагч М.Пүрэвцогт, санхүүч Г.Батжаргал нарын байр суурийг хүргэж байна.
Санхүүч Г.Батжаргал: Жилийн дараа гэхэд банк ч үгүй, мөнгөгүй, эдийн засаг ч үгүй, бие бие рүү гээ буруугаа чихсэн хэдэн гишүүд, уур хилэндээ баригдсан иргэд үлдэнэ.
Хадгаламжийн хүү тэглэвэл иргэдийн доллар худалдах авах сонирхол нэмэгдэж долларын ханш өсөж, төгрөгийн үнэ цэнэ буурна. Иргэдийн эрэлтийг банкууд хангаж чадахгүй тул доллар зарахаа зогсооно. Хамаагүй зарж болохгүй. Учир нь Монголбанкны зохицуулалттай. (арилжаа хийх хэмжээ өөрийн хөрөнгийг 15.0 хувиас хэтэрч болохгүй).
Мөн банкууд их хэмжээний доллар зарсан тохиолдолд Монголбанкны ханш өсөхөд ханшийн тэгшитгэлийн алдагдал хүлээх тул доллар зарах боломжгүй, тийм доллар ч байхгүй. Тиймээс энэ хэрэгцээг хангах үүднээс арилжааны банкнууд Монголбанкны дуудлага худалдаагаар доллар худалдах авах захиалга өгнө.
Монголбанк гадаад валютын албан нөөцөө алдахгүйн тулд мөн арилжааны банканд зарахгүй. Олон түмэн цочролд орж, төгрөг долларын ханш хэд хүрэхийг би таашгүй. Улмаар гадаад төлбөр тооцоо, худалдаа яаж хийгдэх вэ? Хөрөнгийн гадагшлах урсгал бодитоор бий болно.
Яаж гэж үү? Гадаад зах зээлд бонд, хувьцаа, алт, нефть, биткойн гээд маш олон төрлийн өгөөж хүртэж болох санхүүгийн үй түмэн хэрэгслүүд бий. Зарим мэдлэг, мэдээлэлтэй нь ашиг олох байх (тийм хүмүүс цөөн), харин бусад нь хүний амаар эрсдэлтэй зах зээл рүү зөвхөн ашиг гэж хараад эрсдэлийг хойш тавина. Эргээд маш богино хугацаанд баахан алдагдал хүлээх эрсдэл үүснэ. Жилийн дараа гэхэд банк ч үгүй, мөнгөгүй, эдийн засаг ч үгүй, бие бие рүү гээ буруугаа чихсэн хэдэн гишүүд, уур хилэндээ баригдсан иргэд үлдэнэ.
Монголбанк хадгаламжийн хүүг тэглэх асуудалд ул суурьтай хандаж байгаа нь зөв. Тэд Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох ТӨГРӨГИЙН ТОГТВОРТОЙ байдлыг хангах үүрэгтэй. Аливаа тогтсон зах зээлд захиргаадалтын аргаар халдвал уршиг нь хохирол гэж ойлгох хэрэгтэй, хэн ч хожихгүй!!!
Эдийн засагч М.Пүрэвцогт: Хөдөлмөр шингэсэн хөрөнгө буюу хадгаламж эзэмшигчдийн хүүнд гараа дүрж болохгүй
Хадгаламжийн хүүг тэглэх нь зээлийн хүү буурна гэсэн хүлээлт бий болгож байгаа бол банканд ялангуяа их зээлтэй хүнд тун ашигтай шийдвэр нь ойлгомжтой. Магадгүй зээлээ энгийн үед ч төлдөггүй, хариуцлагагүй зээлдэгч нарыг бүр л өөгшүүлнэ. Тэдний хувьд тааламжтай сэдэв тул "сэвэх" биз ээ. Учир нь тэдэнд дараа нь юу болох нь хамаагүй шүү дээ.
Банк хадгаламж дээр тогтдог. Манай санхүүгийн зах зээл банк дээр тулгуурладаг гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ хадгаламжийн хүүг тэглэх шийдвэр гарвал олон сөрөг нөлөөтэй. Хадгаламжтай иргэдийн доллар худалдах авах сонирхол нэмэгдэнэ.
Хөдөлмөр шингэсэн хөрөнгө буюу хадгаламж эзэмшигчдийн хүүнд гараа дүрж байхаар усан оргилуур, андлалын хөшөө зэрэг төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалтаа төсвөөсөө танасан нь дээр.
Энэ эгзэгтэй үед Монголбанк бодлогын хүүгээ 6 хувь болголоо. Ийм үед бууруулдаг нь бас л банкуудаа, эдийн засагтаа хэр нэмэртэй бол. Монголбанкны үнэт цаасны хүү нь хадгаламжийн хүүнээс доошоо орох уу. Зээл гаргая гэхээр эрсдэлтэй. Үүний оронд хадгаламжийн хүүндээ "шатаад" байж байсан нь дээр биз. Иргэдээ ч банкаа ч хамгаалах нь зорилго.
Ядаж зээлийн хүү, эргэн төлөлтийг боломжийн хугацаагаар хойшлуулбал банкууд хэдэн сардаа тэсээд гарах боломжтой. 8 сарын өмнө ингэж их сандраагүй хэрнээ вакцин гарах сурагтай энэ үед ингэж хавтгайрч, хэтрүүлээд хэрэггүй биз дээ.
Харин одоо ажил хийдэг 1,2 сая хүнээс 190 мянган төрийн албан хаагч цалингаа авч байгаа. 400 мянган малчин мах, хоолтой байгаа. 210 мянга орчим жижиг дунд бизнес эрхлэгч, 400 мянган хувийн хэвшлийн салбарынхан цалингүй, орлогогүй хүнд байдалд орсныг тооцоолж үзэх ёстой. Тэр хүмүүст цалингийн ядаж 50 хувийг нь шилжүүлвэл тэдэнд төдийгүй хувийн хэвшилдээ нэмэх болно шүү дээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.