Монгол эцэг эхчүүдийн 40 хувь нь хүүхэдтэйгээ ярилцахад цаг гаргаж амждаггүй

PISA 2022 олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд дэлхийн 81 орны 15 настай 690 мянган суралцагч хамрагдсан билээ. Манай улсын тухайд энэ үнэлгээнд анх удаа хамрагдаж, 196 сургуулийн 7300 сурагч сонгогдон оролцсон юм. Энэхүү судалгаанд мэдлэг ур чадвараас гадна олон хүчин зүйл хүүхдийн сурлагын амжилтад нөлөөлдөг талаар онцолсон байдаг аж. Тухайлбал эцэг эх хүүхэдтэйгээ ярилцдаг, хамтдаа хооллох цаг гаргадаг байх нь ч мөн сурлагын амжилтад нөлөөлдөг гэнэ. Энэ талаар боловсрол судлаач Э.Сүндариас тодруулсан юм.

Э.Сүндарь: Та хүүхэдтэйгээ хэзээ хамгийн сүүлд ярилцсан бэ?

PISA 2022 шалгалтанд хамрагдсан улс орнуудын эцэг эхчүүдийн 80 гаруй хувь нь долоо хоногтоо хамгийн багадаа 1-2 удаа сургууль дээр юу хийсэн бэ гэж асуудаг гэсэн тайлан гарсан. 

Тэгвэл Монгол эцэг эхчүүдийн 60 хувь нь л хүүхдээсээ сургууль дээрээ юу хийсэн талаар нь асууж ярилцдаг байна. 

Эцэг эх нь хүүхдээсээ сургууль дээрээ юу хийсэн тухай асуух, сургууль дээр юу болсон талаар сонирхох нь энгийн зүйл боловч сурлагын амжилтад эерэгээр нөлөөлдөг нь PISA-гийн шалгалтын үр дүнгээр гарч батлагдсан.

Та энэ долоо хоногт хүүхдээсээ сургууль дээр нь юу болсон бэ, юу нь сайхан байв, бас хэцүү нь юу байсныг тодруулаарай.

Зарим эцэг эхчүүд хүүхдийг стрессдүүлэх зүйлсийг асуух гээд байдаг тал ажиглагддаг. Жишээ нь өнөөдөр хоцорсон уу, шалгалт авсан уу, найзтайгаа муудсан уу, багш нь загнасан уу зэргээр буруу асуулт асуудаг. Үүний оронд эерэг тал руу чиглүүлдэг асуулт асууж байгаарай. 

Бид улам бүр л завгзй болж байна. Заримдаа хүүхэд өглөөний цайгаа уухгүй гарах эсвэл орой ээлжилж орж ирээд хамтдаа хооллохгүй байх, хоолны ширээний хойно тус тусдаа утсаа ухаж, телевиз үзэж хооллох үе ч зөндөө харагддаг.

Тиймээс аль болох гэр бүлтэйгээ хамт хоолны ширээний хойно сууж байгаад хооллож байгаарай. Энэ бол үр хүүхэдтэйгээ өнгөрүүлж байгаа чанартай цаг хугацаа юм. Мөн энэ хэрээрээ таны хүүхдийн сурлагын амжилт дээшилдэг байдаг юм шүү.

Бичлэг үзэх:





Холбоотой сэдвүүд

хүүхэд эцэг эх ярилцах pisa2022

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.