Б.Амгалан: Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг B+ болгож ахиулахад ₮3.1 их наядын эргэн төлөлт голлон нөлөөлснийг Фитч онцолсон

Peak.mn
09 сарын 23, 2024

Олон улсын зэрэглэл тогтоогч Фитч агентлаг Монгол Улсад "Fitch on Mongolia" форумыг өнөөдөр (2024.09.23) зохион байгууллаа. 

Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Б.Амгалан тус форумд зочин илтгэгчээр оролцож, Хөгжлийн банк болон банкны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар ярилцсан юм.

Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын төлөв байдал, байгаль орчин, нийгэм, засаглал (ESG)-ын стратеги, мөн хөрөнгийн зах зээл, зах зээлийн эрсдэл, боломжуудыг удирдах арга замууд зэрэг нарийн асуудлуудыг хэлэлцэх зорилготой энэхүү форумд Хөгжлийн банк болон бусад банк санхүү, даатгал, олон улсын санхүүгийн салбарын төлөөллүүд оролцлоо.

Фитч  агентлаг нь олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч томоохон байгууллагуудын нэг бөгөөд 2018 оноос Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг тогтоосоор ирсэн юм. 

Тус агентлаг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг танилцуулсан. 

Ингэхдээ Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B+ болгон ахиулж, Засгийн газрын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд хүргэсэн. Энэ түвшинд хүрэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлснийг тус агентлагаас онцолсон юм. Үүнд:

  • Олон улсаас татан төвлөрүүлсэн эх үүсвэрт 3.1 их наяд төгрөгийн эргэн төлөлтийг улсын төсөвт дарамт учруулахгүйгээр буюу Хөгжлийн банкны өөрийн нөөц хөрөнгөөр гүйцэтгэсэн. Тодруулбал, Евро бондын 500 сая ам.доллар болон Засгийн газрын баталгаатай Самурай бондын 30 тэрбум иенийг өөрийн эх үүсвэрээр цаг хугацаанд нь амжилттай төлж барагдуулсан.  
  • Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг цорын ганц бодлогын банк бөгөөд Монгол Улсын Засгийн газар 100 хувь хувьцаа эзэмшигч.

Монгол Улсыг 2024 онд дэлхийн хамгийн хурдтай өсөх эдийн засагтай орны нэг болох төдийгүй 2024-2026 онд манай улсын бодит ДНБ-ий өсөлтийг дунджаар 6%-д хүрнэ хэмээн урьдчилан таамаглаж байна. Энэ нь нүүрс, зэс болон бусад ашигт малтмалын экспорт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотой. Гэсэн хэдий ч гадны санхүүжилт, нэг улсаас өндөр хамааралтай экспорт, их хэмжээний гадаад өр зэрэг нь үнэлгээнд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс болж буйг форумын үеэр талууд тодотголоо.

Холбоотой сэдвүүд

хөгжлийн банк эдийн засаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.