Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор хэсэгчилэн зам хаах талаар нийслэлийн холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн “Баянбүрдийн тойргийн уулзварыг өнөөдөр орой буюу 23:00 цагаас эхлэн маргааш 06:00 цаг хүртэл хаана. Мөн амралтын өдрүүдэд тус цагт хэсэгчлэн хааж засвар хийнэ. Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулна” гэв.

“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Бүс хариуцсан ахлах инженер Б.Намсрайжав “Нийслэл хотод хийгдэж буй авто замын томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгье. Зайсангийн дулааны болон хүйтэн усны шугамын ажлыг "Бумба-Од" ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 70-80 хувьтай. 

Гэр хорооллын цэвэр усны шугамын ажлууд мөн хийгдэж байгаа. Дулааны шугам сүлжээний 600мм-ийн диаметртэй шугамын ажлыг “Хасу мегат” компани хийж байгаа бөгөөд нэгдүгээр хорооллын ард талыг 3, 4 дүгээр хорооллын хойд талтай холбох шугам сүлжээний ажил хийгдэж байна. Баянбүрдийн тойргийн замыг үе шаттайгаар хаахаар болсон. Өнөө орой 23:00 цагаас Баянбүрдийн тойргоос 3, 4 дүгээр хороолол руу өгсдөг хэсгийн замын хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цаг хүртэл хаана. Бямба, Ням гарагийн орой дараагийн зурвас хэсгийн хөдөлгөөнийг хаана. Ингэснээр Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил хийгдэнэ” хэмээлээ.