Б.Баясгалан
08 сарын 06, 2020
Нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэнд, Байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй тарваган тахлаас сэргийлэхийн тулд хийж буй тодорхой ажлуудын талаар мэдээлэл өгөв.
Тэрээр “8 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ыг хүртэл Нийслэлийн авто тээврийн товчоодыг түшиглэн холбогдох мэргэжлийн байгууллагууд 24 цагаар гурван ээлжээр хяналт үзлэг тандалтын эргүүл гарах захирамж гарсан. Авто тээврийн товчоодоос гадна нэмэлтээр Тэрэлж, Гачуурт, Өлзийт зэрэг зургаан постод хяналт эргүүл гарч ажиллаж байна. Мөн баталгаат бус гэгддэг замаар хөдөлгөөнт эргүүлүүд гарч, хяналт шалгалт хийж байна. Тиймээс иргэд зөвшөөрөлгүй тарвага тээвэрлэж явахгүй байхыг анхааруулья" хэмээлээ.
Гэнэтийн шалгалтаар 8 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн нэгдүгээр худалдааны төвд иргэн Б хоёр тарваганы мах худалдаалах гэж байсныг илрүүлжээ. Мөн Налайх дүүрэгт Алдар-Улааны худгийн дэргэд үхсэн тарвага байсныг олж, ойролцоох 100м орчныг ариутган халдваргүйжүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.
Тарваган тахал өвчнөөс сэргийлэхийн тулд агнахгүй байх, түүхий мах эд эрхтнийг эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэхгүй байх, үхсэн тарвага таарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, Улаанбаатар хотод оруулж ирэхгүй, сэг зэмээр нь оролдохгүй байхыг холбогдох албаны хүмүүс онцоллоо.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.