Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссынхон өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. 

Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүс Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, шагай, сурын талбайн урсгал засварын явц, наадмын бэлтгэл ажлыг үзлээ.

“Наадмын комисс гурван удаа хуралдаж, салбар комисс байгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд Шадар сайдын хувьд Үндэсний бөхийн холбоо болон уяачдын төлөөлөл, үндэсний бөхийн аваргуудтай уулзаж баяр наадмын талаар санал солилцсон. 

Энэ жилийн баяр наадам зохион байгуулах төсөв түрүү жилийнхтэй ойролцоо батлагдсан, наадам болтол богино хугацаа үлдсэн хэдий ч зарим жижиг засварын ажил, био жорлон зэргийн хөрөнгө мөнгийг шийдэж, иргэдийг ая тухтай наадамлах нөхцөл бололцоог бүрдүүлэхийг  комиссынхонд үүрэг болголоо” хэмээн Шадар сайд, наадам зохион байгуулах комиссын дарга Ө.Энхтүвшин ярив.


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуун “Өнгөрсөн жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны 500 зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 400 болж бууруулсан. Учир нь иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс авто машины зам гарц, зогсоол зэргийг нэмэх зайлшгүй шаардлага үүсч байгаа. Нийтийн хоолны зөвшөөрлийг олгохдоо тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагуудаас сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтад оролцох шаардлага, заавар, стандартыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн. Худалдааны хувьд чанарын шаардлага хангахуйц стандартын тоглоом, малгай, нарны шил гэсэн тодорхой шалгуур тавьж байгаа. Энэ сарын сүүлээр сонгон шалгаруулалт явуулж, 7 дугаар сарын эхээр байршлыг нь тавина. Наадмын өдрүүдээр НМХГ-аас 350 байцаагч, явуулын лаборатори ажиллана” гэлээ.