Өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа.

Хурлаар Зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн, наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцлээ. Салбар хороодын бүрэлдэхүүнийг дараагийн хурлаар эцэслэн батлахаар боллоо.

Үндэсний их баяр наадмын нийт зардал 2,9 тэрбум төгрөг, үүний  400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргах юм байна.  

Долдугаар сарын 11,12-нд болдог “Улаанбаатарын үдэш”-ээр “Чингис хаан” хамтлаг болон Баянмонгол чуулгын тоглолт болох юм байна.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ. Зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин баяр наадмын  гол утга учир бол нээлтийн арга хэмжээ. Тиймээс түүх, соёл, урлагийн салбарын алдартнуудтай, ахмад уран бүтээлчидтэй уулзаж,  тоглолтын найруулга, хөтөлбөртөө зөвлөгөө мэдээлэл авч ажиллахыг найруулагчид зөвлөлөө.