Сар хүрэлгүй наадмын яриа өрнөж хурдан морины сунгаа эхэлнэ. Баяр наадам гэж баярлаж догдлохын зэрэгцээ мартаж болохгүй асуудал бол уралдаанч  хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал юм. Хүүхдийн аюулгүй байдал гэдэг зөвхөн хамгаалалтын хувцас хэрэгсэл даатгал төдий зүйлээр хязгаарлагдахгүй. Тиймээс уралдааны үеийн болон бусад ахуйн үеийн осол, гэмтэл гээд хүүхдэд гарч болох бүх эрсдэлээс бүтэн жилийн турш хамгаалахад Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/ анхааран ажиллахаар болжээ. Энэ талаар ММСУХ-ны ажлын албаны дарга Б.Батбаатартай ярилцлаа.


-Танай холбоо саяхан ээлжит их хурлаа хийсэн. Энэ үеэр гарсан хамгийн чухал шийдвэр юу байв?

-ММСУХ нь өнгөрсөн нэгдүгээр сард нийслэлийн 6 дүүрэг, 21 аймаг, 330 сумаас сонгогдсон 728 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хурлаа хийлээ. Хурлаар дүрэм, журам удирдлага зохион байгуулалтаа шинэчлэн батлагдсан дүрэм журмын дагуу холбоо болон салбар холбоодынхоо үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.  

Мөн ирэх дөрвөн жилд хийх ажлаа төлөвлөж, зайлшгүй засаж сайжруулах ёстой хэд хэдэн зүйл дээр санал нэгдэж, холбооны дүрэм, морин уралдааны дүрэмдээ зохих өөрчлөлтүүдийг оруулсан. Баяр наадмаар уяачид, наадамчдын дунд маргаантай байдаг эрлийз, монгол морьдыг хэрхэн ялгаж уралдуулах тухай асуудлыг холбооны их хурлаар хэлэлцэж, төлөөлөгч гишүүдийн олонхын саналаар эцэслэн шийдвэрлэсэн. 

Эрлийз, монгол адууг үүлдэрлэг байдлаар ялгах асуудал нарийн төвөгтэй болж байгаа тул удам зүйн бүртгэлийг сайжруулж, ялгах хүртэл зөвхөн сэрвээний өндрийг одоогийн мөрдөгдөж буй стандартаар хэмжиж уралдуулахаар тогтоож, хурдан морины уралдааны дүрмийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлж боловсронгуй болгож шинэчлэн баталлаа. Хурдан морины уралдааны зохион байгуулалт, уяачид болон  хүүхдийн эрх үүргийг дүрэмдээ маш тодорхой тусгаж өгсөн.

Холбооны үйл ажиллагааг зөвхөн морин уралдаан төвтэй байсныг цаашид адуун өв соёлоо хадгалах, уламжлуулах, өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр цогц ажлуудыг хэрэгжүүлэх талаар санал нэгдсэн.


-Хүүхдийн аюулгүй байдалд анхаарсан ямар хэрэгтэй шийдэл гарсан вэ?

 -Хурдан морины хүүхдийн аюулгүй байдал гэдэг зөвхөн одоо яригдаж байгаа зүйл биш. 

Холбоо үүсгэн байгуулагдсан цагаас эхэлж үндэсний их өв соёл болох хурдан морины уралдаан, уралдаанч  хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангах, хамгаалах дээр анхаарал хандуулж ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд 7 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахгүй байх, уралдаанч хүүхдийг хамгаалах хэрэгсэлтэй уралдуулах, хүүхдийг даатгалд хамруулах зэрэг асуудлуудыг хуульчилж, хамгаалалтын хувцасны стандартыг батлуулж бүхий л уралдаан наадмуудад хэрэглэх байдлыг хэвшүүлж чадлаа. Цаашид Монголын морин уралдааны өв соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа уралдаанч  хүүхдүүдээ хамгаалах, хөгжүүлэх, алдаршуулах чиглэлээр холбоо бодлогоо чиглүүлж ажиллах болно.

Тухайлбал хүүхэд нэгэнт даатгагдаж байгаа учраас ганцхан уралдааны үеэр биш бусад ахуйн осол гэмтлээс бүтэн жилийн хугацаанд хамгаалагдах ёстой гэсэн шаардлагыг даатгалын компаниудад тавьж байна. Ингэснээр өөр бусад ахуйн осол гэмтлүүдэд өртсөн ч хүүхэд даатгалын үйлчилгээнд хамрагдах болно.

Ер нь Монгол улсад хүүхдийн даатгалыг ойлгож хэрэгжүүлж байгаа нь ховор. Бусад тэмцээн уралдаанууд ч гэсэн хүүхдийг даатгадаг жишиг тогтоосой гэж боддог.

Яг үнэндээ зам талбай, утаа униар гээд хүүхдүүд маань эрсдэлтэй орчинд өсөн торниж байна. Гэтэл үр хүүхдээ даатгуулсан эцэг эх бидний дунд хэр олон бол доо. Цаашдаа бид даатгалын ач тусыг ойлгодог систем рүү явах ёстой. ММСУХ энэ тал дээр түүчээлж, хүүхдийг эрсдэлээс хамгаалах тал дээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон даатгалын эрх бүхий компаниудтай хамтран ажиллах болно.

-Танай холбооноос энэ тал дээр ямар санал санаачлага дэвшүүлж байгаа вэ?

-Даатгалын үйл ажиллагаа шилэн байх ёстой. Өмнө нь уралдаанч хүүхэд мориноос унаж бэртлээ гэхэд хэнд, хаана хандахаа мэддэггүй байлаа. Даатгалд хамрагдсан хэдий ч тухайн орон нутагт нь даатгалын шуурхай үйлчилгээ үзүүлэх, даатгалын мэдээллээр хангах тал дээр даатгалын компаниуд анхаарал хандуулдаггүй юм билээ.

Бид цаашид сум орон нутгийн төвшинд зохион байгуулагдаж байгаа бүхий л уралдаан наадмууд дээр даатгалтай хамтран ажиллаж, асуудлыг газар дээр нь түргэн шуурхай шийдвэрлэх шаардлага тавьж байна. Даатгалд хамрагдсан хүүхдүүдийн нэгдсэн бүртгэл, уралдаанч  хүүхдийн ослын яаралтай дуудлага, даатгалын нөхөн төлбөр зэргийг шууд хянах тогтолцоог бий болгохоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж байна.


-Даатгалын компаниудад ямар шаардлага тавих вэ?

-Уралдаанч хүүхдүүдийг даатгах даатгалын компани нь 21 аймагт салбартай, 330 суманд даатгалын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх програм хангамж, дэд бүтэц, суурин төлөөлөгчийн газартай байх ёстой. 

Мөн,

-“Даатгалын багц дүрэм”-ийн 01 дүгээр хавсралтын 4.7.1-д заасны дагуу “Хурдан морины уралдаанч  хүүхдийн гэнэтийн ослын даатгал”-ын бүтээгдэхүүнийг СЗХ-д бүртгүүлж, зөвшөөрөл авсан, 

-Уралдаанч  хүүхдийг бүтэн жилийн турш хурдан морины уралдаанд оролцох болон уралдаанд ороогүй байх үеийн бүх төрлийн гэнэтийн ослоос бүрэн хамгаалсан, 

-Даатгалын хамгаалалтын үнэлгээ нь 20,000,000 /хорин сая/ төгрөгөөс дээш байх зэрэг шаардлагыг тавьж байгаа. 

Өмнөх жилүүдэд уралдаанч хүүхдийн даатгалын нөхөн төлбөрийг орон нутагт нь хэрхэн шийдвэрлэсэн туршлага болон цаашид манай холбоотой хамтран хүүхдийн осол, гэмтлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөв төлөвлөгөөг нь харгалзан үзэж байна.

Бид зөвхөн даатгалын компанид ажлаа даатгаад орхихгүй зарим үйл ажиллагаанд хяналтаа тавих хэрэгтэйг анзаарсан. Өмнөх жилүүдэд хүүхдийн осол гэмтэл гарчихаад байхад зарим даатгалын компаниуд үүргээ биелүүлж нөхөн төлбөр өгдөггүй, эсвэл дутуу олгодог, заавал төв рүүгээ явуулж шийдвэрлүүлдэг гээд хүнд суртал гаргаж уяачид даатгуулагчдыг хохироосон тал бий.

Энэ жилээс эхлэн даатгуулсан хүүхдийн мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороо болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар мөн ММСУХолбоонд ирүүлэх үүргийг даатгалын компаниуд хүлээсэн.Ингэж байж бид холбооныхоо гишүүн уяачид, хурдан морины уралдаанч  хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах тухай ярина шүү дээ.

Орон нутагт хүүхэд унаж бэртлээ гэхэд нэгдсэн удирдлагын төвийн утас байхгүй учраас уяач хэн рүү хандахаа мэддэггүй байсныг анзаарч шуурхай удирдлагын төвийн нэгдсэн лавлах утас ажиллуулахаар болсон. Ингэснээр уяачид маань даатгалын талаар эрх зүйн зөвлөгөө авах, даатгалын тохиолдлыг бүртгүүлэхээс гадна уяачдын холбооноос даатгалын нөхөн төлбөр олгох үйл явцыг хянах тогтолцоо бүрдэж байгаа юм.


-Өнөөдрийн байдлаар дээрх шаардлагыг хангаж байгаа даатгалын компани байна уу?

- Эхний ээлжийн сонгон шалгаруулалтаар МИГ даатгалтай гэрээ байгуулж 5 дугаар сарын 12-нд болсон төвийн бүсийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

МИГ даатгал компанийн “Гийнгоо” даатгал нь уралдаанч хүүхдийг бүтэн жилийн хугацаанд бүх төрлийн гэнэтийн ослоос бүрэн хамгаалахаас гадна өнгөрсөн онд 21 аймаг дахь өөрийн салбар нэгжээр хамгийн их нөхөн төлбөрийг түргэн шуурхай олгосон байна

Холбоо цаашид зохих шалгуур хангасан даатгалын компаниудтай гэрээ байгуулж хамтран ажиллах замаар өрсөлдөөнийг бий болгож, даатгалын үр ашиг, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх болно.


-Уяач нар уралдаанч хүүхдээ хамгаалах тал дээр хэр эерэг хандлагатай байна вэ?

-Хүүхдийн амь насыг 5-хан сая төгрөгөөр үнэлж 20 мянган төгрөгөөр даатгуулж болохгүй гэдэг дээр холбоо удирдах ажилтны зөвлөгөөн дээрээ санал нэгдсэн.

Төвийн бүсийн уралдааны зохион байгуулалтаар хүүхдийн эрсдэлийг онцгой анхаарч, хүүхдийн хамгаалах хэрэглэлийн бүрэн бүтэн байдал, замын аюулгүй байдал, тоосжилт, гарааны төхөөрөмж ашиглалт, цагдаагийн хамгаалалт, даатгал, түргэн тусламжийн бэлэн байдал зэргийг нарийн зохион байгуулсан жишиг уралдаан болж өнгөрлөө.

Энэ жилээс эхлэн уралдаанч хүүхдийг хурууны хээгээр нь бүртгэж бага насны хүүхэд морь унахгүй байх, даатгагдаагүй хүүхэд уралдаанд оролцохгүй байх нөхцөлүүдийг хангасан. Уралдааны үер уралдах мориноосоо ч дутахгүй олон машин дагадгийг наадамчин олон мэднэ. Олон машин зэрэг уралдаж, их хэмжээний тоос босгодог асуудлыг зогсоож төвийн бүсийн уралдаанд зайлшгүй үүрэгтэй 5 машинд л уралдаан дагах эрх олгосон. Цаашид ч энэ тал дээр анхаарч ажиллана. Зайлшгүй үүрэгтэй гэдэг нь хүн эмнэлэг, мал эмнэлэг, даамал, цагдаа гэсэн онцгой үүрэгтэй газрууд гэсэн үг.


-Уяачид энэ өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Хандлага эрс өөрчлөгдөж байна. Дан ганц хүүхдийн байгууллага биш уяач нар ч уралдаанч хүүхдээ аюулгүй байлгахын тулд хичээж байна. Нэг уралдаан тэмцээнд орохын тулд уяач бараг 100 мянгаас доошгүй төгрөгийг хүүхдээ хамгаалахад зарцуулж байна шүү дээ. Бид цаашид хүүхдээ эрсдэлээс хамгаалах тал дээр тогтмол анхаарч ажиллах болно. Энэ бол хүүхдээ ч, адуун өв соёлоо ч хамгаалж үлдэх бодлогын маань нэг хэсэг юм.