ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүүгээс уралдаанч хүүхдүүд ямар шалтгаанаар осолдож энддэг талаар тодрууллаа.

-Баяр наадмын үеэр мориноос унаж эндсэн уралдаанч хүүхдүүдийн асуудал нийгэмд анхаарал татаж байна. Энэ жил хэдэн хүүхэд амь насаа алдаад байна вэ?

-Үндэсний их баяр наадмын хуульд заасны дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уралдаанч хүүхдийн стандартын хувцас хэрэглэл болон 8 наснаас дээш хүүхэд хурдан морины уралдаанд оролцож байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг.

Энэ жилээс сумын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бүх хурдан морины уралдааныг  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийгмийн ажилтнууд бүртгэдэг болсон. 

Ингэснээр улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бүхий л хурдан морины уралдаан бүртгэгдэнэ гэсэн үг. Энэ жил зохион байгуулагдсан уралдааны явцад дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал:

  • 6 дугаар сарын 21 өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд зохион байгуулагдсан Батхаан уулын тахилгын уралдааны үеэр морь нь бүдэрсний улмаас 8 настай хүүхэд мориндоо даруулж нас барсан. 

  • 7 дугаар сарын 6 өдөр Завхан аймгийн Тэс сумын наадмын үеэр 8 настай хүүхэд мориндоо чирэгдэж нас барсан. 

  • Дорнод аймгийн Баянтүмэн суманд 8 настай хүүхэд мориноосоо унаж нас барсан. 

  • 7 дугаар  сарын 14 өдөр Архангай аймгийн Булган суманд зохион байгуулагдсан уралдааны үеэр зам халтиргаатай байсны улмаас дөрвөн морь давхралдан халтирч 12 настай хүүхэд дарагдаж нас барсан. 

-Уралдааны үеэр мориноос унаж эндэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйлийг дурдахгүй юу?

-Нэг үеэ бодвол уяач нар хүүхдийн хамгаалах хувцас хэрэглэл, даатгалд анхаардаг болсон. Гэтэл хурдан морины уралдаан зохион байгуулах комиссын зүгээс уралдааны замын нөхцөл байдлыг үл хайхардаг байдлыг таслан зогсоох цаг нь болсон. 

Хүүхэд гэмтэж бэртсэн, осолдсон тохиолдлоос дүгнэж үзэхэд дийлэнх нь зам дээрх нүх, шуудуу, замын халтиргаа зэргээс болж байна. Энэ нь зохион байгуулах комиссын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Тухайлбал бороо орсны дараа зам халтиргаатай болж л таарна. Энэ үед замыг яаран уралдуулахгүйгээр замыг нь бүрэн хатсаны дараа уралдаанаа эхлүүлэх гэх мэтээр онцгой анхаармаар байна. Бид энэ тал дээр зөвлөмж байнга өгдөг.

-Танай байгууллагын зүгээс уяачдад, зохион байгуулагчдад  ямар шаардлага тавьдаг вэ?

-Нэгдүгээрт, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс уралдаанч хүүхэд болон эцэг эхчүүдэд, уяачид зориулсан зөвлөмжийг хүргүүлсэн. Мөн уралдааны үеэр байнга стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэлийг шалгаж, шаардлага тавьж ажиллалаа.

Гэтэл ийм шаардлага тавьсных төлөө Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнийг тус аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга Балжир гэгч зодож, танхайрсан үйлдэл гаргасан. Тухайн үед Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд зохион байгуулсан хурдан морины уралдаанд хувцас хэрэглэл бүрэн бус, зөвшөөрөгдсөн насанд хүрээгүй хүүхдийг уралдаанд оролцуулалгүй авч үлдсэн гэх шалтгаанаар тухайн сумын засаг дарга ёс зүйгүй үйлдэл гаргалаа. 

Өмнө нь уяачдын зүгээс шаардлагыг эсэргүүцэх тохиолдол гарч байсан удаа бий. Гэхдээ төрийн албан хаагч зүй бус, хариуцлагагүй  үйлдэл гаргасан анхны тохиолдол боллоо.

-Уралдааны үеэр уралдаанч хүүхдүүд гялгар уутаар морь үргээх зэргээр наадамчдын эгдүүцлийг төрүүлсэн үйлдэл гарсан. Та бүхэн энэ тал дээр хэрхэн хяналт тавьж ажилласан бэ?

-Бид бүртгэлийн хэсэгт уралдаанч хүүхдийн хувцас, хэрэгслийн стандартын шаардлагыг хангуулж ажилласан. Уяачид уралдаанд оролцож байгаа  хүүхдийнхээ хувцас хэрэглэлд анхаарах, хамгаалах, даатгуулах зэргийг зөв дадал болгон хэвшиж байгаа нь сайн хэрэг. Гэсэн хэдий ч уралдааны үеэр зүй бус авирлах явдал багасаагүй л байна. 

Жишээ нь уралдаанч хүүхдийн хувцсанд үзлэг хийхэд голдуу урт сур, ташуур, шүгэл, дурдан бүс, гялгар уут, гар утас, камер, тариурт соруулсан эм бэлдмэл илэрдэг.

Иймэрхүү зүйлсийг үзлэг шалгалт хийх явцад илрүүлэн хурааж авдаг юм. Гэвч хурдан морины эмээл, тохмыг шалгаж үзэх эрх манай байгууллагад байдаггүй. Тиймээс морины хэрэглэлдээ нуусан байх магадлалтай. Үүнийг яг тодорхой хэлэхэд хэцүү байна.Хүүхэд хэзээ ч ийм зүйлсийг бодохгүй шүү дээ. Хүүхдийн биед бүрэн үзлэг шалгалт хийгээд гаргаж байхад ийм асуудлууд гарсаар байгаа нь уяачдын  ёс зүйтэй шууд холбоотой. Цаашид бид хүүхдийн зөвшөөрөгдөх насны хязгаар, уяачдын ёс зүйн асуудал дээр түлхүү анхаарч ажиллах шаардлагатай.  

Уралдаанч хүүхдийн хувцас хэрэглэлд үзлэг хийж байгаа нь

Соёолон насны хурдан морины уралдаанд оролцох хүүхдүүдийн аюулгүй байдлыг шалгаж байна


Хүүхдийг уралдаанд зөвшөөрөшдөх насанд хүрсэн эсэхэд хяналт тавих явц