П.Мөнгөнсор
07 сарын 14, 2023
Монгол түмний эв эеийн бэлгэдэл болсон наадмын өдрүүд үргэлжилж байна. Peak.mn сайтын сурвалжлах баг уралдаанч хүүхдүүдийн талаар сурвалжилга бэлтгэхээр Хүй мандлын дэнжийг зорилоо.
Долдугаар сарын 12-ны өглөө соёолон насны морьд ургах нартай уралдан гарааны зурхайгаас мордож, наадамчин олны сэтгэлийг баясгадаг тул тэрхүү мөчөөс хоцрохгүй гэсэндээ бид эртлэн хөдөлсөн билээ.
Баяр догдлол гомдлын нулимсаар солигдсон хором
Биднийг очиход соёолонгийн шүдэлгээ эхэлжээ.
Уралдаанч хүүхдүүд мориныхоо сэрвээ болоод шүдийг хэмжүүлж, уралдах эсэхээ шийдүүлж байв. Төд удалгүй нүдэндээ нулимстай, урвайсан, орилсон хүүхдүүд олшрох нь тэр.
Учрыг лавлавал, морь нь хасагджээ. Тэдгээр хүүхдүүдийг гарч ирэхэд цагдаа нар тосож гараас нь хөтлөөд шүдэлгээний талбайгаас холгүй байрлах автобусанд суулгах ажээ.
Морь нь хасагдсан хүүхдүүд уйлах, орилох, буцаж гүйх гээд янз бүрийн ааш авир гаргадаг учраас уралдаан эхэлтэл тэднийг ийнхүү “аргацаадаг” гэж ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Золжаргал хэлсэн юм.
Энэ жил уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахаар 15 цагдаагийн алба хаагч “Хүй долоон худаг”-т ажиллаж байгаа аж.
Автобусанд сэтгэл зүйч, нийслэлийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын газрын мэргэжилтнүүд хүүхдүүдийг хүлээн авч, тайвшруулах хамгийн чухал ажлыг хийж байна.
Энэ жил нийт 205 соёолон уралдахаар бүртгүүлсэн ч 93 нь сэрвээний өндрөөр хасагдсан юм. Уралдаан эхэлсний дараа хасагдсан хүүхдүүдийг цэргүүд гараас нь хөтөлж, моринд нь мордуулаад, уяа руу нь буцааж байлаа.
Цагдаагийн алба хаагчид Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, олон хүүхдийг цэгцэд оруулах хийгээд аргадах ажлыг нямбай гэгч нь гүйцэтгэж байсныг энд дурдъя.
Үндэснийхээ баяр наадамд торгон жолоогоо өргүүлнэ гэж баярлан догдолсон уралдаанч хүүхдүүд нүдэндээ нулимстай буцахыг харах өрөвдөлтэй санагдсаныг нуух юун. Гэхдээ дүрэм бол дүрэм. Дараа жилийн наадам даанч хол байна даа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.