PEAK.MN сайтын сурвалжлах баг үндэсний их баяр наадмыг зорин очсон наадамчин олны сэтгэгдлийг сонслоо.

Эхний зочин бол н.Гантөмөр. Тэрбээр 2001 оноос хойш гадаадын жуулчдад хөтөч тайлбарлагчаар ажиллаж буй нэгэн. Энэ жилийн наадмын нээлт жуулчдын сэтгэлийг баясгасан өвөрмөц, сайхан болсныг онцолж, монголчууддаа гадны жуулчдад нөхөрсөг хандаж, үнэн сэтгэлээсээ хийж үйлчилж хариуцлагатай ажиллахыг уриалсан юм.

Олимпийн нээлттэй дүйх монгол наадам

Би 20 гаруй жил аяллын хөтчөөр ажиллаж байна. Энэ жилийн наадмын нээлт  жуулчдад маань онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Нэг жуулчин маань "Ийм нээлт, зохион байгуулалттай том концерт үзнэ гэж бодсонгүй. Олимпийн наадамтай эн тэнцэхээр сайхан боллоо" гэж хэлж байлаа. Бүр олуулаа онцолж хэлсэн. Миний хувьд ч сэтгэл дүүрэн үзэж суулаа, бараг сүүлийн арван жилд болоогүй сайхан нээлт боллоо. 

Цаашдаа наадмын нээлтийг ийм хэмжээнд найруулж байвал дараа жил бид гурав дахин их жуулчин хүлээн авч магадгүй.

Хөтөч бидний хамгийн их санаа зовдог бие засах газрын асуудлыг хүртэл Төв цэнгэлдэх орчимд маш цэвэрхэнээр шийджээ.

Жуулчдад найрсаг зангаар ханддагаа бүү гээгээрэй

Монголчууд маань найрсаг ард түмэн. Ирсэн жуулчдаа бид улс түмнээрээ хүлээн авч байгаа шүү дээ. Иймээс тэдэнд тусалж, ярилцаж байгаасай гэж хүсдэг. 

Ядахдаа л хүн бүр өөр өөрийн хийж байгаа ажлаа ухамсартай, хариуцлагатай, чин сэтгэлээсээ хийж, үйлчилж, үдэж сурмаар байна.

Бид  үүн дээр маш их анхаарах цаг нь болчихлоо. Хүрээд ирсэн жуулчдаа хүйтэн сэтгэлээр үдэх учиргүй. Яг үнэндээ хөтөч хүний хувьд санаа зовмоор үйлчилгээтэй цөөнгүй таардаг. Саяхан гэхэд жуулчдаа дагуулж орсон ресторанд ороход сальфетка ч өгөхгүй, халбага сэрээг нь стандартаар байрлуулаагүй, хоол нь цагтаа гардаггүй, бүр цагаар хүртэл хүлээлгэдэг гээд санаа зовмоор үйлчилгээ үзүүлсэн. Өмнөөс нь санаа зовж, нүүр улайж суулаа. Уг нь Монголын томоохон, нэгдүгээр зэрэглэлийн ресторан шүү дээ. Энэ мэт үйлчилгээний асуудлыг хэзээ ч орхигдуулж болохгүй.

Монгол Улсад визгүй зорчих орнуудын тоо нэмэгдүүлсэн нь маш зөв шийдвэр болжээ. Ирсэн жуулчдын зарим нь визгүй учраас шууд хүрээд ирсэн тухайгаа ярьж байсан. Өмнө ирж байгаагүй улс орны жуулчид ч ирсэнд олзуурхсан. 

Хамгийн гол нь ирсэн хүн бүхнийг найрсаг, сайхан үдээсэй гэж хүсэж байна.

Бичлэг үзэх: