Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар "Гэр хороолол хөдөлгөөн"-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тус хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх "Үндсэн хуулийн цэцийн дээр суусан МАН-ынхан Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах байсан нөхөн сонгуулийг хийх, хийхгүйг өөрсдийн дураар шийдэж байна. Тус намынхан 2020 он хүртэл Хэнтий аймгийн иргэдийг төрд төлөөлөх хүнгүй байлгахаар барьж байна. Цэцийн өчигдрийн хуралдаанаар нөхөн сонгууль явуулах хугацаа нь хууль зөрчиж буй учир сонгуулийг дараа жилийн 6 дугаар сард хийх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл УИХ-ын сонгууль болохоос өмнөх нэг жилийн хугацаанд сонгууль явуулахыг хориглосон хуулийн заалт бас байдаг. Тиймээс энэ мэт үндэслэлээр тэд мөн адил нөхөн сонгууль хийлгэхгүй нь тодорхой.

42 дугаар тойргийн нөхөн сонгуульд "Гэр хороолол хөдөлгөөн"-ийнхөн Э.Бат-Үүлийг олигархижсан АН-аас биш, гэр хорооллын иргэдээ төлөөлөн бие даан нэр дэвшээч гэсэн санал тавих гэж байсан. Гэвч МАН сонгууль явуулахгүй гэж хааж, боож байна. Өнөөдөр төрийн эрх барьж буй намууд сонгууль хийх, хийхгүйг дур мэдэн шийддэг болсон нь Монгол Улсад ардчилал байхгүй болсныг илтгэж буй юм. Олигархийн хос багана болсон МАН, АН хоёрт чанарын ямар ч ялгаа байхгүй. Тус намууд гэр хорооллын иргэдийг илт гадуурхаж байна. Тиймээс бид цаашид тэмцэнэ. Тэмцэхдээ цоо шинэ хэлбэрээр тэмцэнэ.

Мөн "Гэр хороолол хөдөлгөөн"-өөс ирэх 10 дугаар сард багтаан гэр хорооллын иргэдийн чуулга уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахаар төлөвлөөд байна" хэмээн мэдэгдлээ.