Б.Батзоригийг Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаас чөлөөллөө

Б.Баясгалан
11 сарын 06, 2018

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

УИХ өнөөдөр Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтийн дагуу сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар ээлжит бус хуралдаан зарлан хуралдлаа. Ингэснээр Б.Батзоригийг сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 50 гишүүний 76 хувь нь буюу 38 гишүүн уг саналыг дэмжлээ.

Ингэснээр Б.Батзоригийг Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаас чөлөөллөө.

Чуулганы хуралдааны үеэр Б.Батзориг "Би сайдын албан тушаалыг аваад салбарын бодлогыг тодорхой болгох, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах зэрэгт анхааран ажиллаж, мал эмнэлгийн газрын бүтцийг байгуулсан зэрэг олон ажлыг хийж, хэрэгжүүллээ.

Хамтран ажилласан Засгийн газрын гишүүд, ХХАА-н салбарынхандаа баярлалаа.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудалд би ёс суртахууны хариуцлага хүлээж байна. Үүнд иргэдээсээ, ХХАА-н салбарынхнаасаа, хайрт ээжээсээ чин сэтгэлийн уучлал гуйж байна" хэмээсэн юм.

Тэрээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудалд хариуцлага хүлээж, сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө Засгийн газарт хүргүүлсэн юм.

Холбоотой сэдвүүд

б.батзориг сайд уих

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.