ББСБ-ууд 108.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Х.Оргил
01 сарын 29, 2019

Санхүүгийн зохицуулах хорооноос улирал тутам үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны зах зээлийн тоймыг танилцуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийлээ.

2018 оны жилийн эцсийн байдлаар санхүүгийн зах зээлд нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байга аж. 

Санхүүгийн байгууллагуудын чадавх, хэмжээг илэрхийлэгч хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болох нийт хөрөнгийн хэмжээ жилийн эцсийн байдлаар 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 32.5 хувиар өсчээ.

Активын бүтцээс харвал салбарын хөрөнгийн өсөлтийн 73.2 хувийг зээлийн өсөлт, пассивын бүтцээс харвал өөрийн хөрөнгийн өсөлтийн 66.1 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт тус тус бүрдүүлж байна.

2018 оны жилийн эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оноос 36.1 хувиар өсөж, 868.5 тэрбум төгрөгт хүрлээ. 

Нийт зээлийн үлдэгдлийн 96.5 хувийг төгрөгийн, 3.5 хувийг валютын зээл эзэлж буй. Мөн

 -86.6 хувийг хэвийн зээл, 

-3.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 

-9.6 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. 

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж 233.8 мянгад, харин нийт харилцагчдын тоо 1.6 саяд хүрчээ. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин оны эцсийн байдлаар 3.3 хувьтай байгаа бөгөөд хүүгийн түвшин өмнөх оноос 0.1 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.

2018 онд салбарын нийт ашиг 100.6 тэрбум төгрөгт хүрсэн ба нийт банк бус санхүүгийн байгууллагуудын 85.2 хувь нь 108.6 тэрбум төгрөгийн ашигтай, 12.2 хувь нь 8.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллав. Салбарын ашигт ажиллагааны үзүүлэлтүүд болох нийт хөрөнгийн өгөөж 8.9 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 11.6 хувьтай байгаа ба өмнөх оноос 1.3, 1.6 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Холбоотой сэдвүүд

ббсб сзх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.