Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж буй банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах бодлого явуулж буй билээ.

Энэ бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.4 тэрбум төгрөгт, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад ажилладаг ББСБ-ууд 350 сая, бусад аймаг, сумдын ББСБ-ууд 100 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байна.

Энэ оны хоёрдугаар сард Хороо нийт 50 гаруй ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт оруулсан шийдвэр гаргасны ихэнх нь, тодруулбал 49 нь тухайн ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн бүртгэсэн өөрчлөлтүүд байна. Харин өмнөх сард буюу 2019 оны нэгдүгээр сард 23 ББСБ нийтдээ 9.1 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн юм.

Дээрх бодлогын шийдвэрт тусгасан үе шатны нэг нь өнгөрөгч сард дуусгавар болж байна. Дараагийн шатанд буюу 2020 оны хоёрдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нийслэлд 1.9 тэрбум, Эрдэнэт, Дарханд 475 сая, бусад аймагт 145 сая төгрөгт хүргэнэ.

Хорооноос хэрэгжүүлж буй банк бус санхүүгийн зах зээлийг чадавхжуулах бодлогын хэрэгжилт сүүлийн үед ихээхэн эрчимжиж, нийгэмд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж эхэлснийг эдийн засаг, санхүүгийн мэргэжилтнүүд дүгнэж байна. Хороо шийдвэрийнхээ хэрэгжилтийг бүрэн хангахад ихээхэн анхаарал хандуулж, ББСБ-уудын хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, хяналт, зохицуулалтаа сайжруулан ажиллаж байна. Тогтоол, шийдвэрээр өгсөн үүрэг даалгавар, цаг хугацааны хүчин зүйлсийг хангахгүй байгаа ББСБ-уудад хууль, тогтоомжид заасны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч байна.