Гэр бүлийн засаглалаас хөрөнгийн зах зээлийн засаглал руу...

Peak.mn
06 сарын 20, 2022

Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2021 оны ТОП 100 аж ахуйн нэгжүүдийг өнгөрсөн сард тодруулж, өргөжлөв. Жил болгон энэ арга хэмжээ ёслол төгөлдөр болж ирсэн. Татвар болон төсвийн орлогыг бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдээ төр засаг, бизнесийн төлөөллийн байгууллага жилд нэг удаа ингэж хүндлэл үзүүлэн угтаж авдаг. 

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж, бодитой хувь нэмэр болж байгаа мянга мянган компанийн тэргүүнд ашиг орлого, ажиллах хүч, татвар төлөлт зэрэг үзүүлэлтээр магнайлсан ТОП 100 энэ жил илүү олон хүний анхаарлыг татаж, бүтэн өдрийн турш, тэр 7 хоног чухам ТОП 100-гаар бид амьсгалав. Цар тахлын дараах шалгаруулалт учраас сайшаах, үгүйсгэх олон асуулт хамт хөвөрсөн юм. 

Компани, аж ахуйн нэгжүүд ч өөрсдийн нэр хүнд, үнэ цэнийн баталгаа болж өгсөн шагналд ихээхэн ач холбогдол өгч, давхар давхар өөрсдийгөө энэ үеэр сурталчилж байсан. Маркетингийн нэг арга, боломж энэ байх. 

Хэрэв тэд хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй байсан бол хувьцаа эзэмшигчдийн давлагаа хүч түрэн орж ирэх нь дамжиггүй. Даанч дийлэнх олонх нь гэр бүлийн засаглалтай, хаалттай хувьцаат компани хэлбэрээ хадгалсан учраас тэрүүхэн хүрээнд л тэмдэглэж өнгөрүүлэв.

ТОП-100 дотор олон нийтийн засаглалтай, бирж дээр хувьцаагаа гаргасан, хөрөнгө оруулагчдын шүүлтүүр давсан, санхүүгийн тайлангаа ил тод зарладаг, томоохон хэлцэл нь нээлттэй байдаг компани тун цөөн. 

Ашиг алдагдлаа хуваалцдаг, хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн болон гарч ирсэн компани ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн дунд 10 хүрэхгүй байв. Төрийн өмчит хувьцаат компани болон үйлдвэрийн газрыг орхиж тооцвол, хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд 80 гаруй хувийг нь дангаар бүрдүүлж байна. 

Хувийн хэвшлийг төлөөлөх, 30 жилийн түүхтэй бизнесийн ороо бусгаа энэ салбараас дотоодын хөрөнгийн зах зээл рүү гарчихсан үндэсний холдинг байсангүй. 

Хөрөнгийн зах зээл, хувийн хэвшил адилхан нас чацуу. Тэд 30 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд бизнесийн салбарт том өөрчлөлтүүд гарсан. Хөрөнгийн зах зээлд ч ялгаагүй биржийн бус арилжаанаас эхлээд олон шинэ компани нээлттэй "статус"-тай болж, тодорхой ахиц дэвшил гарсан. 

Гэхдээ л сайжруулалт байнга энд шаардагдаж, нэхэгдэж байгаа. Нөгөө талд бирж рүү ирэх ёстой компаниуд ч нэг түвшинд очоод гацчихсан юм шиг байрандаа "өтлөх" болов.

ТОП 100 дотор 8 хувьцаат компани байна гэдэг хангалтгүй тоо. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх нь чухал. Тэгж байж хөрөнгийн зах зээлээр дамжин баялгийн хуваарилалт илүү зөв, шударга болно. Хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэнэ. Гадаад, дотоодын шинэ хөрөнгө оруулагч нар орж ирнэ. Өрсөлдөөн ширүүснэ. Тэр тусмаа байгалийн баялаг дээр суурилсан бизнес эрхлэх компаниудын хувьд бирж рүү гарах замаар нийгмийн “лиценз” давхар авах боломжтой билээ. 

Ингэж байж хүлээн зөвшөөрөгдөж, олны хяналт, үр ашиг, өгөөжийн зарчим бодитой тогтоно. 

ТОП 100 аж ахуйн нэгжүүд дотор хамгийн олон охин компани нь эрэмбэлэгдсэн 8 групп бүгд хөрөнгийн зээлд бүртгэлгүй байна. 

ТОП 100 аж ахуйн нэгжүүдийг 83 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани байгааг эхэнд дурдсан билээ.

Хувийн буюу гэр бүлийн компаниуд тэлэх, цаашаа хөгжих боломж нь хөрөнгийн зах зээл гэдэгтэй хэн ч маргадаггүй. Тэд засаглалаа сайжруулах, улс төрийн эрсдэлээс хамгаалагдах, нийгмийн "лиценз"-тэй болох буюу олны дэмжлэг авах, хямд зардлаар хөрөнгө оруулалт татах, эрсдэлээ тархаан байршуулах зэрэг олон талын боломжийг хөрөнгийн зах зээлээс л эдэлнэ.

30 гаруй жилийн түүхтэй Монголын бизнесийн ТОП аж ахуйн нэгжүүд өв залгамжлал руу эрчимтэй шилжиж эхэллээ. Хүү нь, охин нь аав, ээжийнхээ 30 жилийн турш босгосон бизнесийг цааш нь хөтлөн залуурдах эрх мэдлийг хүлээж авч байна. Тэдний удирдлагын багт үе солигдож, бизнесийн шинэ хуудсаа нээн эхлүүллээ.

Гэр бүлийн засаглалтай компаниуд бирж рүү тэмүүлэх, хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй болох нь тэдний бизнес илүү урт удаан хугацаанд өгөөжтэй, оршин тогтнох, дараа дараагийн шинэ шатанд гарч хөгжих эхлэл нь юм. 

Олон улсын жишиг, компанийн эрүүл хөгжлийн замнал нь ч тэр. Энэ байдлыг гэр бүлийн засаглалтай компаниуд эхнээсээ олж харж эхэлсэн байна.

"Таванбогд" группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Гэр бүлийн засаглалтай компани хаант засаглал шиг, хувьцаат компанийн засаглал парламентийн засаглал шиг байдаг. Тиймээс бид энэ ондоо багтан группийн хэмжээнд гурван компаниа IPO хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Эхнийх нь Хаан банк, түүний дараа Улаанбаатар гурил” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

Бизнес томрох, тэлэх тусам гэр бүлийн засаглалын сул тал илэрч, хөрөнгийн зах зээл рүү зорих шалтгаан ч тод томруун гарч байгааг үгүйсгэхгүй. Нөгөө талдаа хөрөнгө оруулалт татах хамгийн таатай өргөн боломж бирж дээр байгаа учраас гарааны болон дундаж орлоготой компаниуд мөн адил хувьцаагаа олон нийтэд арилжаалах, санал болгох хувилбар дээр бат зогсож байна. 

Хөрөнгийн зах зээлээс, тэр тусмаа олон улсын зах зээлээс 750 сая ам.доллар босгож байсан жишээ хувийн хэвшилд бий. Энэ бол Mongolian mining Corp компани.

МСS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал “2010 онд манай Mongolian Mining Corp компани Хонг Конгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан. Тухайн үед 650 сая долларыг босгох байсан ч “oversubscribe” буюу маш өндөр эрэлттэй байсан тул олон улсын хөрөнгө оруулагчдаас 750 сая доллар цугларч байв. 

Энэ нь БНХАУ-ын дэргэд ийм боломж, потенциалтай Монгол гэдэг улс байдаг юм байна гэдгийг олон улсад харуулж байв. Яг одоо тэр үеийг дахин авчрах боломж бидэнд бий. Үүний тулд ADB, EBRD зэрэг бодлогын банкууд хөрөнгийн захын дэд бүтцийг хөгжүүлэхэд илүү их дэмжих хэрэгтэй” хэмээн санаагаа маш тодорхой илэрхийлсэн юм.

Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэхээс хөрөнгө оруулалт босгох ажил илүү хурдсаж таарах нь. Үүнийг үндэсний хамгийн том групп удирдах эрхэм хэлжээ. 

Монголын хөрөнгийн зах зээлд амжилттай IPO хийсэн компани бол “Түмэн шувуут”. 

Тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Болд “Хувьцаат компани болсноор 1 гэр бүлийн биш 3000 хувьцаа эзэмшигчтэй болсон. Олон хувьцаа эзэмшигчтэй, олон эзэдтэй болсноор компанийн засаглал, менежмент, ашигт ажиллагаа, борлуулалт бүгд сайжирсан. 

Тухайн үед 40 тэрбумын үнэлгээтэй байсан бол өнөөдөр “Түмэн шувуут” ХК 120 тэрбумын үнэлгээтэй болж, нийт 8400 хувьцаа эзэмшигчтэй болжээ. Өөрөөр хэлбэл 8400 PR, менежертэй болсон байна. Учир нь дэлгүүрт ороод Түмэнгийн өндөг хаана байна гээд хайж байгаад авдаг хандлагатай болсон” гэв.


Хөрөнгийн зах зээлийн давуу талыг маш энгийнээр тодорхойлж, хувьцаа эзэмшигчид нь үнэнч хэрэглэгчид нь болсныг тэрбээр онцлов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ТОП-100 ААН-үүдээс бид судалгаа авахад 91 хувь нь нээлттэй компани болох сонирхолтой байна. Үүний 42 хувь нь ямар нэг байдлаар мэдээлэл авч, Монголын хөрөнгийн бирж болон андеррайтеруудтай уулзжээ. 

Гэхдээ 50 хувь нь яаж хувьцаат компани болохоо мэдэхгүй эсвэл бэлэн биш байна гэсэн хариулт ирүүлсэн нь мэдээ мэдээлэл харьцангуй дутмаг эсвэл хөрөнгө оруулагчдын бааз суурь бэлэн биш үзсэнийх гэлээ. Мэргэжлийн хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын сангууд энд яригддаг. 

Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн зүгээс анхдагч арилжааны шимтгэлийг бууруулахаа мэдэгдсэн. Эдгээрээс гадна хөрөнгийн зах зээлд зээлжих зэрэглэлийг тогтоох, андеррайтинг компаниудыг чадавхжуулах, төлбөр тооцооны системийг шинэчлэх, биржийн тодорхой хэсгийг хувьчлах гэх мэт хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах ажлууд бас хүлээгдэж байна.

Гэр бүлийн засаглалаас хөрөнгийн зах зээлийн засаглал руу "үсрэлт" хийх үндэсний групп компаниуд төрөн гарах цаг айсуй. Учир нь, компанийн хөгжлийн дараагийн хуудсаа эхлүүлэх боломж, гарц нь хөрөнгийн зах зээл гэдгийг тэд өөрсдөө олж харжээ.

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.