Бельгийн “Улаан чөтгөрүүд" ялж, Бразилчууд нутаг буцлаа

Б.Баясгалан
07 сарын 07, 2018

Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу  2018 оны ДАШТ-ий ¼ шигшээгийн Бельги-Бразилын шигшээ багийн халз тулаан Казань хотын “Казань арена” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар /2018.07.07/ шөнийн 02 цагт эхэлж, 2:1-ээр бельгичүүд хожиж хагас шигшээд өрсөлдөхөөр болов.

Эхний гоолыг тоглолтын13 дахь минутад Бразилын Фернандиньо өөрийн хаалганд авто гоол хийснээр бельгичүүд 1:0-ээр тэргүүлж эхэлсэн. Харин тоглолтын 31 дэх минутад Кевин де Брюйне Бразилын хаалганд гоол оруулснаар 2:0-ээр Бельгийн шигшээ баг тэргүүллээ улам бататгасан юм.

Хүчирхэг энэ хоёр багийн сүүлийн хагасын 76 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Бразилын Ренато Аугусто анхны гоолыг оруулжбагтааитгэлийн галыг бадраасан. Харин бразилчууд сүүлийн 14 минут болон нэмэлт 5 минутад олон удаа довтолж тоглосон ч гоол оруулж чадалгүй цаг дуусч Бельгийн “Улаан чөтгөрүүд” 2:1-ээр ялалт байгуулав.

Ийнхүү "Улаан чөтгөрүүд" энэ удаагийн ДАШТ-ий хагас шигшээд Францтай тоглохоор болж, дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ шөвгийн наймаас хасагдаж гэртээ харихаар болов.

Эх сурвалж. SPS

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.