Баруун аймгууд руу зорчих онгоцны тийзийг хямдруулах асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сард баруун аймгуудаар ажиллах үедээ онгоцны тийзийн үнэ нэлээд өндөр байна. Үүнийг судлаж, боломжит хэмжээгээр хямдруулах үүргийг өгсөн. 

Энэ дагуу бид мэргэжлийн байгууллагууддаа хэлж, онгоцны тийзийн үнийг бууруулах асуудлыг судлах Ажлын хэсэг гаргасан. Улмаар ажлын хэсэг баруун 5 аймаг руу зорчих тийзний үнийг хямдруулах боломжтой гэсэн мэдээ ирүүллээ. Баруун 5 аймаг руу нисч буй онгоцны үйлчилгээ тухайн нутгийн иргэдэд маш их хэрэгтэй. Нэг талдаа 1000 гаруй км зам туулдаг холын аймгуудад автомашинаар явах нь иргэдэд тэр дундаа өндөр настай, өвдсөн, яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүмүүст бэрхшээлтэй. Тиймээс тйизийн үнийг бууруулах шаардлага байна.

Ажлын хэсгийн судалгаагаар:

-Улаанбаатар-Увс чиглэлд шууд зардал 6.364.668 төгрөг, шууд бус зардал 3.1 сая төгрөг гарч байна. Нислэгийн тийзийн хамгийн өндөр тариф нь 650.000 төгрөг, дундаж тариф 300.000 орчим төгрөг байгаа. Өвлийн чиглэлд шууд зардал 7.1 сая төгрөг, шууд бус зардал 3.1 сая төгрөг байдаг. Тийзний өндөр тариф нь 725.000 төгрөг, дундаж нь 400.000 төгрөг байна. 

-Улаанбаатар-Ховд чиглэлд шууд зардал 6.4 сая, шууд бус зардал 3.1 сая төгрөг. Тийзний өндөр тариф 650.000, дундаж нь 350.000 төгрөг байгаа. 

-Говь-Алтайн чиглэлд шууд зардал 4 сая, шууд бус зардал нь 3.1 сая төгрөг байна. Тийзний өндөр тариф нь 600.000, дундаж тариф 310.000 төгрөг.

-Завхан чиглэлд шууд зардал 5.5 сая, шууд бус зардал нь 3.1 сая төгрөг байна. Тийзний өндөр тариф 600.000, дундаж тариф 250.000 төгрөг байна.

Тиймээс эдгээрийг судалж үзээд эхний байдлаар дээрх чиглэлүүдэд тийзний үнийг 30-50 хувиар бууруулах бололцоог судалж үзье гэж байгаа. Энэ дагуу хувийн авиа компаниудтай ярилцаж байна. Энэ чиглэлд нисэх эрээс буюу 7 хоногт нисэх тоог нь нэмэх замаар зардлаа тэнцүүлэх бололцоог судалж байна. Мөн МИАТ компанийг түрээсийн онгоц оруулж ирж, орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, нийзний үнийг буулгахад анхаарах талаар мэдээллүүд авч байна.

Эхний байдлаар өнөөдөр туршилтын эхний онгоцууд нисэж, тийзний үнийг буулгах боломжтой гэж харж байна" хэмээн мэдэгдлээ.

Энэ талаарх Зам, тээврийн хөгжийн сайдын мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.