Энэ сарын 30-ныг хүртэл тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. 

Тус шийдвэрийн хүрээнд сургууль, цэцэрлэг хичээллэхгүй, урлаг, спортын үйл ажиллагаа,  хурал цуглаан зохион байгуулахгүй. Мөн Улаанбаатарт ирэх болон гарах олон улсын нислэгүүд үйлдэгдэхгүй юм.

Олон улсын зорчигч тээвэртэй холбоотой асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Дөрвөн удаагийн тусгай нислэгээр гадаадад очоод гацсан, эх орондоо яаралтай ирэх шаардлагатай эмчилгээнд явсан болон өндөр настай хүмүүс, хүүхэд, жирэмсэн эх зэрэг нийт 1024 иргэнээ татаж авлаа. Одоо 14 хоног тусгай нислэг үйлдэхгүй. 

Дээрх нислэгүүдээр эх орондоо ирж, тусгаарлагдсан хүмүүсийн нөхцөл байдлыг 14 хоног ажиглана. Улмаар дараагийн тусгай нислэгийг үйлдэх эсэхээ Улсын онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлүүлнэ. 

Мөн олон улсын төмөр замын зорчих хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан. Орон нутгийн төмөр замын тээвэр, нислэг явж байгаа.

Алтанбулаг боомтоор 2020 оны эхний хоёр сарын байдлаар 8440 тонн бараа бүтээгдэхүүн орж ирж, 849.1 тонн бараа бүтээгдэхүүн гарсан байна. Цагааннуур боомтоор өдөрт ачаа тээврийн 9-10 тээврийн хэрэгсэл орж ирж байна. Эдгээр тээврийн хэрэгсэл цаашдаа ч явна. Тусгай хамгаалалтад явж байгаа. Тийм учраас бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт зогсоогүй" хэмээлээ.

Шинэ коронавирусийн дэгдэлт өндөр буй Итали, Австрали, Энэтхэг, АНУ зэрэг онуудад байгаа монгол иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна.