Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан цагдаа, онцгой, сангийн яамны холбогдох албаныхнаас бүрдсэн Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн өнөөдөр эрүүл мэндийн салбарын бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа. 

Манай улсад КОВИД-19 халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 10-нд гаднаас зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар батлагдсан нийт 261 тохиолдол бүртгэгдсээс 207 нь эмчлэгдэн эдгэрсэн байна. 

Манай улс ДЭМБ-ын аргачлалаар гурван удаагийн халдварын тооцоолол, нийт есөн удаагийн эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. 

Хамгийн сүүлд нийт хүн амын нэг хувь буюу улсын хэмжээд 32,760 хүн халдвараар өвчилнө гэдэг тооцоолол гарсан. Тус тооцооллын үндсэн дээр эрүүл мэндийн салбар тоног төхөөрөмж, хүний нөөц, тусгаарлах байр болон эм хангамж, эмчилгээ үйлчилгээний нөөц, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа тухай Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Шадар сайдад танилцууллаа. 

Хүн амын нэг хувь халдвараар өвчилсөн тохиолдолд хэвтэн эмчлэх байр, эм хангамж, мөн эмч, эмнэлгийн ажилтны нөөцийн асуудал хамгийн чухал. Тиймээс Хан-Уул дүүрэг дэх Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан. Хэдийгээр тус эмнэлгийн барилга бүрэн дууссан ч өвчтөн хүлээн авахад тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авах ажиллагаа явагдаж байгаа юм. Тус эмнэлэг бүрэн ашиглалтад орж өвчтөнийг нэг, нэгээр тусгаарлахад 880 ор бэлэн нөөцөнд байгаа гэсэн үг юм. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү бидний хамгийн өндөр эрсдэлтэй үе нь 10 дугаар сар байх болно. Учир нь улирлын давтамжтай томуугийн үе. Тиймээс КОВИД-19 халдвартай зэрэгцэн томуугаас урьдчилан сэргийлж онцгой анхаарах, эрсдэлт бүлгийг вакцинд хамруулах шаардлага байгааг танилцууллаа. Түүнчлэн урьдчилан 200 гаруй мянган томуугийн  вакцин урьдчилан захиалсан байна. 

Гэвч томуугийн вакцины нөөцийг нэмэгдүүлэх нийт 500 мянган тун вакцин авах шаардлага байгааг онцлов.

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар эрүүл мэндийн салбарын нөөц, бэлэн байдлыг шалган тодорхой үүрэг, чиглэлийг өглөө. 

Тэрээр "Өнөөдөр бид дотооддоо халдвар алдаагүй байна. Цаашид халдварыг дотоодод алдсан тохиолдолд хоёр, гуравдугаар шатны арга хэмжээг хэрхэн авах вэ. Үүнд бэлэн үү гэдгийг газар дээр нь шалгаж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын хувьд ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг нэгт тавьж байна. Ард иргэддээ мэдээллэхэд цар тахлын нөхцөл байдал амаргүй хүнд байна. Тийм учраас бид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Сүүлд зургаадугаар  сард хийсэн үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн орны тоонд орсон. Наймдугаар сарын эхээр 10 дахь үнэлгээг хийнэ. Ингээд цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлно. Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлага байна. Өнөөдрийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг шалгаж байгаа нь ч энэ эрсдэлийн үнэлгээний өмнө хийгдэж буйгаараа онцлогтой" гэлээ.

Шадар сайд бэлэн байдлыг шалгасаны дараа нөхцөл байдал цаашид хүндрэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хууль эрх зүйн зохицуулалт болон төсөв хөрөнгө оруулалттай холбоотой тэр дундаа эм, эмнэлгийн хэрэгслийн шууд худалдан авалт зэрэгтэй холбоотой санал боловсруулан УИХ-ын ээлжит бус чуулган, Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.