С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлаар "Эрх чөлөө хөдөлгөөн"-өөс өнөөдөр мэдээлэл хийж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Мэдээллийн үеэр "Эрх чөлөөи, ардчилсан Үндсэн хуультай Монгол Улсад хууль шүүхийн байгууллагын зүгээс эрүүдэн шүүсэн ажиллагаа явагдсаныг нийгэм даяараа цочирдон хүлээж авлаа. Манай хөдөлгөөний зорилго бол Монгол Улсад эрх зүйт нийгмийг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах юм. 

Бид эрүүдэн шүүсэн явдалтай холбогдуулаад мэдэгдэл гаргаж байна. Мөн Хүний эрхийн үндэсний комисс, Засгийн газар буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байна" гэв.

Мөн тэд "Засгийн газар бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий гол институт. Засгийн газар, ялангуяа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилаж буй Ц.Нямдорж эрүүдэн шүүх явдал гэнэт өнөөдөр гарч ирж буй, цоо шинэ зүйл юм шиг хандаж байна. Гэвч тэрээр Монгол Улсад ХЗДХ-ийн сайдаар хамгийн удаан ажилласан хүн. Энэ хүнийг сайдаар ажиллаж байхад яамных нь харъяа байгууллагад гарсан эрүү шүүлттэй холбоотой зүйлийг огт мэдээгүй царай гаргаж буй улстөрч хүний хувьд ч, ёсзүй, хашиж байсан албан тушаалд нь ч нийцэхгүй" гэдгийг онцоллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж буй шаардлагадаа "Монгол Улсад хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын оролцоотойгоор эрүүдэн шүүсэн мэдээлэл олон нийтэд ил боллоо. Энэ нь Ардчилсан улсад байж боломгүй үйл явдал. С.Зоригийн амийг хөнөөсөн гэмт хэргийг шалгах явцад эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон гүйцэтгэгч, зохион байгуулсан албан тушаалтан, даалгавар өгч хатгасан албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. 

2001 оноос хойшхи хугацаанд иргэдээс Хүний эрхийн комисс, УИХ-ын дэд хороонд ирүүлсэн эрүү шүүлттэй холбоотой гомдлын мөрөөр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохыг шаардаж байна. Мөн тус хугацаанд эрүүдэн шүүсэн талаар иргэдээс ирүүлсэн гомдлын хэргийг хэрхэн шалгасныг Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын  байгууллага, төрийн бус байгууллагуудыг оруулсан ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргахыг шаардаж байна" гэжээ.

Эрүүдэн шүүх явдал гарсныг хүн бүр ойлгож байгаа. Гэвч үүнийг далимдуулж шүүхийн хараат бус байдалд халдахыг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ сарын 27-нд батлагдсан зарим хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хараат бус шүүх ажиллах боломжийг устгаж байна. Хэн гэм буруутайг шүүх тогтоодог. Тэгээр шүүгч хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжтой байх ёстой.

Эрх чөлөө хөдөлгөөний зохицуулагч Б.Ган-Очир "Хүний эрхийг ноцтой зөрчих, эрүүдэн шүүх асуудал их болсон байна. Үүнтэй холбоотой асуудалд нэн даруй хариуцлага хүлээх ёстой хоёр хүн байна. Хамгийн эхний хүн бол одоогийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж. Түүнийг сайд хийж байх үе буюу 2005 оноос хойш олон улсын хүний эрх болон судалгааны байгууллагуудын тайлан илтгэлд С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж тусгасан байна. Гэвч энэ итлгэлүүдийн хариуд яг юу хийв?.

УИХ-д ч мөн зөвлөмж өгч "Монгол Улсад хүнийг тамлан зовоож, эрүүдэн шүүж байгаа хууль хүчний байгууллаг доторх улс төрийн захиалгат, бусармаг асуудал их байна. Үүнд анхаарал хандуул. Эрүүдэн шүүж буй хүсүүст хариуцлага тооц" гэсэн байна. Яг энэ үеэд сайд Ц.Нямдорж юу хийсэн бэ. Одоо л болохгүй зүйл гэнэт гарж ирсэн юм шиг ярьж байна.

Дараагийн хариуцлага тооцох ёстой хүн бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Тэрээр шударга бус байдлын эхлэл болж, шүүхийн бүрэлдэхүүнийг бүтнээр нь нэг өдөр чөлөөлж, нэг өдөр томилж байсан нотлох баримт, яриа олон байгаа. 

Хамгийн гол нь сүүлийн 30 жилийн хугацаанд ирүүлсэн, хүний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн хэргийг шалгах комисс байгуулах шаардлагатай. Тус комиссыг УИХ, Засгийн газраас дангаар нь бүрдүүлбэл амжилтад хүрэхгүй. Бусад хүний эрх болон төрийн бус байгууллагууд, хууль нарыг оруулсан нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай" гэдгийг хэллээ.

Тэдний мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.