С.Зоригийг хөнөөсөн хэрэг болон эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудлаар "Эрх чөлөө хөдөлгөөн"-өөс өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэж, мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөнийнхөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж буй шаардлагадаа "Монгол Улсад хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын оролцоотойгоор эрүүдэн шүүсэн мэдээлэл олон нийтэд ил боллоо. Энэ нь Ардчилсан улсад байж боломгүй үйл явдал. С.Зоригийн амийг хөнөөсөн гэмт хэргийг шалгах явцад эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон гүйцэтгэгч, зохион байгуулсан албан тушаалтан, даалгавар өгч хатгасан албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. 

2001 оноос хойшхи хугацаанд иргэдээс Хүний эрхийн комисс, УИХ-ын дэд хороонд ирүүлсэн эрүү шүүлттэй холбоотой гомдлын мөрөөр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохыг шаардаж байна. Мөн тус хугацаанд эрүүдэн шүүсэн талаар иргэдээс ирүүлсэн гомдлын хэргийг хэрхэн шалгасныг Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын  байгууллага, төрийн бус байгууллагуудыг оруулсан ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргахыг шаардаж байна" гэжээ.

Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж  байна.