Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая мэдээлэл хийж, хариуцлага хүлээн албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдлээ.

Тэрээр "Дөнгөж амаржсан эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөх хариуцлагагүй үйл ажиллагаа явагдсан. Энэ үнэхээр хүнлэг бус, хүний сэтгэл санааг  эмзэглүүлсэн үйл явдал болсон. Эцэг хүний хувьд ч, улсын Ерөнхий сайдын  хувьд ч сэтгэлийг минь асар их эмзэглүүлсэн. Тэр эмэгтэйгээс, нийт ард  иргэдээсээ ийм хариуцлагагүй байдал гаргаж ажилласан нөхдийн нэрийн  өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна. 

Энэ алдаанаас болж миний тэргүүлсэн кабинетийн хоёр гишүүн огцрох өргөдлөө өгсөн. Өөрөө ард үлдэх нь удирдагч хүний ёс биш. Иймд би хариуцлагаа ухамсарлаж, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч буйгаа албан ёсоор мэдэгдэж байна" хэмээсэн юм.

Мөн тэрээр "Ард түмэн жагсаж буй энэ цаг үеийг далимдуулж улс төрийн үйл ажиллагаанууд явагдсан. Миний итгэж найдаж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмэн санаачлагаагаар зохион байгуулсан жагсаалыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байна. Цаашид ч ийм үйл ажиллагаа төлөвлөж буйг би үгүйсгэхгүй.

Би Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэж, олон нийтийг хамарсан үймээн үүсэхвий гэдгээс урьдчилан сэргийлж байна. Миний гаргаж буй шийдвэр үүнтэй ч холбоотой. 

Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалж ажиллах үүрэгтэй. Харамсалтай нь энэ ажлаа хийж чадахгүй, улс төрийн оноо авах гэж зөвхөн өөрийнхөө сонгууль руу чиглэсэн үйл ажиллагааг удаа дараа хийж байна. 

Цаашдаа ард түмний эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд би үзэж байна. 

Би огцорч байна. Маргааш, нөгөөдрийн дотор шинэ Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар байгуулагдах ёстой. Аюулт цар тахлаас иргэдээ хамгаалахын төлөө ажиллах ёстой.

Миний даргалж буй намыг дэмждэг, сонгосон иргэддээ баярлалаа. Би улс төрөөс явж байгаа юм биш. Монгол төрийнхөө төлөө урьдын адил хүчин зүтгэнэ" гэдгийг онцлон хэллээ.