Буяндэлгэрийн Мөнхчимэг
04 сарын 11, 2022
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өгчээ.
"УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ҮАБЗ-ийн хүрээнд уулзаж, өнгөрсөн хоёр хоногт болсон жагсаалын нөхцөл байдал болон тавигдаж буй шаардлагын талаар нэлээдгүй ярилцсан. Энэ уулзалтын дараа Ардчилсан Намын бүлгийнхэнтэй уулзана. Бид нар ниргэсэн хойно нь хашхирав байдалтай байна гэж Ерөнхийлөгчийн хувьд хараад байгаа. Би хоёр удаа гадаад болон дотоод нөхцөл байдлын талаар ярьсан. Хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, бензин шатахууны асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байна гэж хэлж байсан. Гэвч сануулж хэлээд байхад өнөөдрийн нөхцөл байдалд тулж байна. Дэлхий ертөнцийн нөхцөл байдал хүнд байгааг хаа аанаа ойлгож байгаа. Цар тахалтай хоёр жил тэмцлээ. Араас нь Орос, Украины асуудал үүссэн.
Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр газрын түүхий тосны үнэ хоёр дахин, үр тариа, мах, ургамлын тосны үнэ 30-40%-аар нэмэгдсэн.
УИХ, Засгийн газар харилцан уялдаа холбоотой байж, ажлаа сайжруулах, дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчил. Ор нэр төдий биш дорвитой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай.
Үнийн асуудал болон эрчим хүчний асуудалд онцгойлон анхаармаар байна. Төмс, ногоо, хүнсээ гадаадаас авмааргүй байна, дотоодоосоо хангая. Өөрсдийн гэсэн эрчим хүчний эх үүсвэр, нефть шатахуунтай байх нь чухал гэдгийг цар тахлын өнгөрсөн хоёр жил харууллаа.
Монгол Улс цаашдаа тусгаар тогтносон эдийн засгийн хараат бус, бие дааж амьдарч чаддаг улс орон болох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Сэтгэл, зориг гаргаж ажилла. Шаардлагатай гэвэл төсөвт тодотгол хийж болно. Тодорхой асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Ард түмэндээ худлаа хэлж болохгүй. Байгаа нөхцөл, хөрөнгө мөнгөө үнэнээр хэлэх хэрэгтэй. Чадах, чадахгүйгээ хэлж бай. Ард түмэн ойлгоно. Юу болох гээд байгааг хэлэхгүй болохоор тэд бухимдаж байгаа. Хэрэгцээгүй бүх зардлуудыг тана.
Эх орны дайнаас хойш болоогүй эдийн засгийн хамгийн хүнд нөхцөл байдал үүсээд буйг дэлхий нийтээрээ ярьж байгаа. Зарим улс орон бүр хүнд байна.
Та бүхнийг ард иргэдийн тавьсан шаардлагыг маш сайн анхаарч, яаралтай шийдвэр гаргаж, ажлаа зөв зохистой уялдуулж ажиллах анхааруулгыг өгөх гэж энд цуглуулсан юм.
Байнгын хороодын дарга болон Засгийн газрын гишүүд шуурхай ажилла" гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.