"Crypto Currency Mongolia" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантигтай койны луйвраас иргэд хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.

-Сүүлийн үед ОneCoin  гэх мэтээр технологиор халхавчилсан бизнесүүд цэцэглэх боллоо. Энэ луйвар мөн үү?

-Монголд криптовалютын талаар олон нийтэд ярьж эхэлсэн хүмүүсийн нэг учраас надаас энэ талаар олон хүн асууж байсан. ОneCoin бол шуудхан хэлэхэд боловсон луйвар гэхэд буруутахгүй зүйл. Монголчуудын мөнгөтэй болно гэсэн шунал, гэнэн зан дээр нь цэцэглэчихсэн.

ОneCoin өөрсдийгөө ирээдүйд үнэ хүрэх цахим мөнгө гэж сурталчилдаг. Ингээд 450 мянган төгрөгөөс 110 сая хүртэлх төгрөгийн багцын санал болгож элсүүлдэг гэж сонссон. Маш өндөр үнийн дүнтэй багцууд зардаг санагдсан шүү. Энэ койноороо худалдан авалт хийдэг гээд байгаа, DealShaker гээд нэг вебсайт ажилладаг боловч түүн дээр нь Хятадын чанар муутай хэдэн бараа л харагддаг. Гадны мэдээллийн хэвлэлээр OneCoinыг понзи схем гэж албан ёсоор нэрлэж зарлачихсан. Понзи схем гэж юу вэ гэхээр манайханд ойрхон жишээ л дээ, Хадгаламж зээлийн хоршоо, Жи тайм, Стамфорд, Questra World, Iseiko гэх мэтчилэн сүлжээний луйврыг хэлж байгаа юм.


-Олон улсад Оne Coin-ийг луйвар гээд хүлээн зөвшөөрчихсөн юм байна. Хайлтын системээр харахад…?

-Гол нь Монголчууд хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг сүүлийн үед л ойлгож эхэлж байна. Шил даран гарсан олон IPO ч нөлөөлсөн болов уу. Энэ үед давхар ийм зүйл гарч ирээд хүмүүс мөнгөө өсгөх шинэ боломж байдаг гэж сохроор орж ирээд хохирч байна. Ерөөсөө мэдлэггүй байна гэдэг туршлагагүйнх, туршлагагүй байна гэдэг алдах магадлал өндөр шүү дээ.Тиймээс наад зах нь гүүглэдээд шалгачихад их мэдээлэл олж авч нягтлах хэрэгтэйг иргэд ойлгоосой.

Герман, Энэтхэг, АНУ, Хятад, Италид, үүссэн төрөлх Болгар улсад нь хүртэл хууль бус понзи схем гэж олон хүн баривчилж дансыг нь царцаасан байгаа. Криптовалютыг ойлгодог ямар ч хүн ОneCoin-ийг луйвар гэж хэлнэ.

ОneCoin-ийг анх Болгарьт Ружа Игнатова гэж эмэгтэй эхлүүлсэн, энэ хүн нь урд өмнө бас BigCoin гэж луйвар хийж байсан энэ талын туршлагатай хүн.

-14 мянга орчим хүн OneCoin сүлжээнд нэгдсэн гэж дууллаа?

-Яг үнэн нь илэрвэл Жи тайм, “Stamford” -оос хэд дахин их хэмжээний хохирол дагуулах болов уу. Монголчууд маань энэ луйварт олон тэрбумаар нь мөнгөө хийчихсэн байгаа гэсэн таамаг бий.

Сүлжээний бизнес мэдээлэлгүй хүмүүсийн дунд маш амархан цэцэглэдэг зүйл. Харахад сайхан хувцасласан, хэл ярианы баялаг сайтай, нүдэнд дулаахан залуус гарч ирээд үлгэрийн юм ярьж хуйлруулж хүмүүсийг итгүүлээд байна. 

Хамгийн харамсалтай нь орон нутагт ОneCoin хамгийн их хүч авсан.

Санхүүгийн зах зээл дээр 100 хувь баталгаатай хэдэн мянга нугарч ашиг өгдөг, хөрөнгө оруулалт гэж хаана ч байхгүй. Хөрөнгө оруулалт болон түүний үр ашиг нь судалгаа, туршлага, мэдээлэл, харилцаа гэх мэт зүйлүүдээс шалтгаалдаг болохоос хэдэн залуус гарч ирээд жилийн дараа тэд болно гэхээр болчихдог зүйл биш.


-Оnecoin сүлжээнийхэн одоо ч хүнээ элсүүлсээр, олон нийтийн мэдээллийн хэрэгслээ мэдээллээ гаргаж сурталчилсаар байна шүү дээ?

-Цагдаагийн байгууллагад Оnecoin-ий талаар гомдол ирээгүй гэж байсан. Тархиа угаалгаад тэрбумтан болно гээд итгээд хүлээчихсэн хүмүүс аргагүй биз дээ. Энэ хооронд тэд улам хүчээ авч хэвлэл мэдээллийн бараг бүх сувгаар мэдээллээ цацаж сурталчилж хүмүүсийг элсүүлсээр байна. 

Насаараа цуглуулсан мөнгөө санаанд оромгүй их нугалж өсөх сургаар нөхрөөсөө нуугаад энэ сүлжээнд хийчихсэн эмэгтэйн талаар ч сонслоо. Анх биткойн ярьж ном хүртэл гаргасан байсан хүмүүс үндэсний телевизээр  OneCoin ярьж гарсан. Манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлж л байвал луйвар байсан ч мэдээллийг нягтлахгүй цацдаг нь харамсалтай. Харин ч иргэдэд сануулах, эсэргүүцсэн мэдээлэл мэдэгдэл хийх ёстой шүү дээ.


-Зарим хүмүүс биткойнтой андуурч ойлгоод байх шиг байна?

-Биткойн бол ямар нэгэн зохицуулалтгүй криптовалют. Тэр дунд зуучлах ямар нэгэн байгууллаггүйгээр ашигаа өгч, уналтад ч орно. Тиймээс эрсдэл даахуйц хэмжээний мөнгөө оруулахыг санал болгодог.  Хэрэв биткойныг 10 дахин өснө гэдгийг би жилийн өмнөөс мэдэж байсан бол ноднин 20 мянган доллар хүрэхээс нь өмнө хүмүүст ав гэж уриална биз дээ. Биткойнд ийм зохицуулалт байхгүй учраас урьдаас тааварлаж хэлэх боломжгүй

Харин One coin-ийг зарж зуучилдаг хүмүүс жилийн дараа гэхэд хэдэн мянга дахин ашиг өгнө гэж амладаг. Маш их хэмжээний сурталчилгаа явуулдаг, таны хөрөнгө оруулалт олон хувиар өсөж авсан багц нь ирээдүйд хэд дахин үнэ цэнтэй болно гэдэг.

Эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэж байдаггүй, харин тэд энэ хөрөнгө оруулалтаа эрсдэлгүй гэж сурталчилдаг. Энэ чинь өөрөө луйврын хамгийн том шинж тэмдэг байдаг. 


-Үүнээс гадна ямар ч мөнгө авахгүй хэрнээ танд зоос өгнө, таныг баян болгоно гэсэн Хятадын үндэсний койны сурталчилгаа явах боллоо.

-Сүүлийн үед CDC гэсэн Хятадын үндэсний койны талаар нэлээн яригдаж байна. Монголд үйл ажиллагаа явуулж олон тооны сургалт хийж байгаа сурагтай. Тэд Хятадын Засгийн газар койн гаргаж байгаа, үүнээс танд 3000 өгнө, бүртгэлтэй код нь танд мэйлээр очно. Олон улсын зах зээл дээр арилжаалагдаад эхлэхээр танд хэдэн зуу нугарч ашиг өгнө гэж сурталчилдаг. Бүртгүүлвэл урамшуулалд нь гухаалаг ар утас өгнө, мэйлээр мэдээлэл нь очно гэж хэлдэг.

Хамгийн гол нь энэ сүлжээнийхэн тухайн хүний нэр, регистрын дугаар, гэрийн хаяг бүр цээж зураг гээд бүх мэдээллийг нь авдаг юм байна лээ. Ямар зорилгоор манай улсын иргэдийн хувийн мэдээллийг цуглуулаад байгааг бид таашгүй. Баталгаатай хэлж чадах зүйл бол сайн үр дагавартай зүйл лав биш.

Уг нь бид Хятад гэхээр Монголыг цөмлөнө, эзэлнэ, уул уурхайг нь аваад алга болно гэдэг улс шүү дээ. Тэгсэн хэрнээ үнэгүй койн өгнө гэхээр бүх хувийн мэдээллээ өгөөд зүгээр сууж байгаад тэрбумтан болчихно гэдэгт итгэн олуулаа хандаж байгаа нь харамсалтай.

Төрийн албан хаагчид хүртэл ажил дээрээ энэ төрлийн сургалт авч бүртгүүлсэн талаар хүнээс сонслоо. Харахад гэмт хэрэг биш юм шиг боловч энэ бол ямар нэгэн хэмжээгээр луйвар болох магадлал өндөр. Тиймээс өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүстээ чадах хэмжээгээрээ сануулж хэлээрэй. Эхний луйвар нь дуусаагүй байхад дараах нь эхэлж байгаа нь энэ. Америк шиг хөгжсөн орнуудад энэ төрлийн ажиллагааг шууд хааж хорьдог.