Израиль болон Палестины хоорондох хурцадмал байдал олон арван жилийн түүхтэй боловч өнгөрсөн сард Израилийн эрх баригчид Палестинчүүдийг “гэрээс” нь буюу өөрсдийнх нь нутгаас албадан гаргана хэмээн сүрдүүлсний улмаас одоогийн нөхцөл байдал үүсээд байгаа билээ. 

Ийнхүү хүчлэн түрэмгийлэл эрчийг авч, хүмүүсийн амь нас үрэгдэж эхэлсэн бөгөөд амь үрэгдэгсдийн дийлэнх нь орон гэргүй болсон, эсхүл өөрийн оромжийг булаалгасан хүүхдүүд байсан юм.


Амь насаа алдсан хүүхдүүдийн эцэг эхийн өр өвтгөм гашуудал бүхий бичлэг цахим орчинд маш олноор байршсан. Нэгэн эцгийн “Тэд дөрвүүлээ байсан. Хүүхдүүд минь хаа байна? Дөрөв байсан шүү дээ” хэмээн эмнэлгийн гадаа орилох бичлэг ч байх ба юун учир тэгж орилж байгааг нь лавлаваас, түүний дөрвөн хүүхэд цөм халдлагын улмаас амь алдсаныг эмнэлгийн ажилчид дуулгасан нь тэр байжээ. 

Халдлага даваа гарагт эхэлснээс хойш нийт 149 хүн амь алдсан бол 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар халдлагын улмаас нийт 63 хүүхдийн амь нас эрстсэн гэсэн тоо байгаа юм. Хүүхдүүд 5-15 насныхан байжээ.

Хоёр талын хурцадмал байдлын хүрээнд Израиль дахь хүүхдүүд ч амиа алдсан гэсэн мэдээ байгаа ч одоогоор тоон мэдээ үгүй юм. 

Харин өчигдөр нэгэн палестин охины бичлэг цахим орчинд хүмүүсийн сэтгэл зүрхийг эмзэглүүлсэн нь тэр үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд юу ч хийж чадахгүйдээ харамсан “Би дөнгөж арван настай шүү дээ” хэмээн гашуудах ажээ.

Түүнийг Надине Абдел-Тэйф гэдэг бөгөөд Израилийн агаарын дайралтад сүйдсэн нурангийн өмнө зогсоод нүдэндээ нулимс цэлэлзүүлэн “Би үргэлж л өвчтэй байдаг... Надад нэмэр болж чадах зүйл алга.. Би дөнгөж арван настай шүү дээ” хэмээн хэлж буй нь бичлэгт буужээ. 



Бичлэг дээрх түүний яриаг орчуулан хүргэвэл,

- Би яах ёстой хэрэг вэ? Энэ бүхнийг хар л даа, намайг юу хийж чадна гэж бодоо вэ? Засах уу? Би дөнгөж арван настай. Энэ бүхнийг хараад сууж ч чадахгүй нь. Би ердөө л эмч эсвэл өөр хэн нэгэн болоод өөрийнхөө хүмүүст тусалмаар байвч би чадахгүй. Би зүгээр л нэг хүүхэд шүү дээ. Би юу хийхээ ч мэдэхгүй байна. Би айж байна гэхдээ тийм ч их биш ээ. 

Би өөрийн хүмүүстээ туслахын тулд юу ч байсан хийнэ гэхдээ юу хийхээ мэдэхгүй байна. Би дөнгөж арван настай. Энэ бүхнийг харах бүртээ би өдөр бүр уйлдаг. Бид ийм зүйл туулахаар ямар гэм хийсэн юм бэ? 

Манай гэрийнхэн хэлэхдээ, тэд ердөө л биднийг үзэн яддаг, муслим шашинтай болохоор бидэнд дургүй байдаг гэсэн. Яагаад тэд муслимчуудыг тэгж боддог юм бэ? Миний эргэн тойрныг хар л даа, ердөө л хүүхдүүд байгаа биз. Тэд чинь хүүхдүүд. Яагаад тэдэн рүү бөмбөг унагаж, алах ёстой гэж? Энэ чинь шударга бус. 


Эх сурвалж: UNILAD