Би өмнө нь хүн бүрт чадах чинээгээрээ заавал туслах хэрэгтэй гэж боддог байлаа. Миний өгсөн үнэтэй зөвлөгөө, нийтлэлүүдийг минь уншиж, сонссон ч дагахгүй, амьдралдаа хэрэгжүүлэхгүй байгааг хараад гайхширч, гомддог байв. Бүр заримдаа тус мэддэггүй хүмүүсийг үзэн ядах ч тохиолдол гарч байв. Би бусдад туслах ёстой гэсэн үзэлтэй байлаа. Хэсэг гомдож байгаад эргээд л зөвлөгөө, нийтлэлээ бичиж эхэлнэ. Заримдаа уншигчид маань талархсан үгс бичсэн байхыг хараад хэсэг хугацаанд тайвширна. Гэхдээ би өөрөөсөө байнга асуудаг байв: “Хүмүүс яагаад үнэгүй тусламжийг хүлээж авдаггүй юм бэ?” Тэднийг л амжилттай, аз жаргалтай байгаасай гэсэндээ л хичээж яваа юмсан. Дараа нь би бүгдийг ойлгосон юм. 

5 жилийн өмнө надад нэгэн семинарт сууж, санаа зовниулсан асуултууддаа хариулт авах завшаан олдсон юм. Үүний тулд анкет бөглөж, мэргэжилтэн руу явуулах хэрэгтэй байв. Надад эргээд хариу хэлж, амьдралд хэрэгжүүлэх зөвлөгөө өгнө гэж амлав.Анкетыг бөглөж явуулаад би хүлээж эхлэв. Хүлээгээд л байлаа. Гэхдээ хариу ирсэнгүй... Миний уур маш их хүрч байв намайг хуурсан байна шүү дээ! Өнөөх семинарт олон удаа сууж, мэргэжилтнийг нь таньдаг нэгэн танилтайгаа холбогдсон юм. Тэр надад ингэж хэлэв: “Чиний хэлж буйгаар бол чамд тусламж хэрэгтэй гэж сонсогдохгүй л байна даа”.  Би гайхав: “Яагаад?”. Харин тэр: “Чи бол өөрөө өөрийнхөө асуулт. Чи асуулт асууж байж л амьдардаг, чамд хариулт хэрэггүй” гэв. 

Түүний ийнхүү хэлснийг би сайн ойлгоогүй. Танил маань ингэж бодож байгаа юм бол мэргэжилтэн нь намайг бүр нэвт шувт ойлгосон биз гэж бодоод өнгөрөв. Гайхашаа барсны эцэст түүний хэлсэн зүйл үнэн гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Дотор хүн маань санал нийлээд байсан юм. Хэсэг хугацааны дараа би маш хүнд байдалд орсон. Тэр үед л би жинхэнэ тусламж хүссэн гуйлт ямар байдгийг ойлгосон юм. Би өнөөх мэргэжилтэндээ хүсэлт илгээж асуултаа асуухад хариу ирсэн. Тухайн нөхцөл байдлаас би дараах сургамжийг авсан: 

Хүн асуултынхaa хариултыг авахад бэлэн болоогүй үед, тусламж жинхэнээсээ хэрэг болоогүй байгаа үед хүн тусламжийг бүрэн хэмжээгээр авч хэзээ ч чадахгүй. Аминд тултал хэрэг болоогүй үед ирэх тусламж бол цадсан ходоодонд дахин хоол чихэхтэй адил. Багахан хэсэг нь багтаж магадгүй, гэхдээ эцэст нь ходоод эвгүйрхэж, хоолны хордлого болох вий. Үүнтэй холбоотойгоор хоёр сургамжит өгүүллэг ярьж өгмөөр байна.


Эхнийх нь хадаастай нохойны тухай:

Нэгэн хүн нэгэн байшингийн хажуугаар өнгөрөхдөө дүүжин сандал дээр суусан эмгэн, өвгөн хоёр болон тэдний дунд хэвтэж, ямар нэгэн юм нь өвдсөн мэт гийнаж байгаа нохойг олж харжээ. Тэр нохой яагаад гийнаад байгаа юм болдоо гэж тэр бодов. Маргааш нь тэр хүн ахиад л өнөөх байшингийн хажуугаар өнгөрч таарав. Мөн л хижээл насны хос нарлаж, гасалсан нохой хэвтэж байлаа. Гайхсан эр маргааш дахиад энэ дүр зураг давтагдах юм бол нохойны тухай эздүүдээс нь заавал тодруулах болно гэж шийдэв. Гурав дахь удаагаа явж өнгөрөх үед мөн л ижил зүйл харагдлаа: эмгэн, өвгөн хоёр сандал дээр нарлаж, нохой гасалсан хэвээр л. Тэрээр эмгэнд хандаж: 

“Уучлаарай, хатагтай. Таны нохойнд юу тохиолдоо вэ?”

“Тэр үү? Тэр хадаасан дээр хэвтэж байгаа юм.”

Эрэгтэй гайхаад: “Хадаасан дээр хэвтээд өвдөөд байгаа юм бол яагаад босохгүй байгаа юм бэ?”

Эмгэн инээмсэглэн: “Гийнах хэмжээний өвдөж байгаа ч гэсэн, босоод явчихаар хангалттай их өвдөөгүй л гэсэн үг” гэж хариулжээ. 


Хоёр дахь нь амьдралын ухаан суухыг хүссэн сурагч, багш хоёрын тухай  

“Амьдралын ухааныг яаж сурах вэ, багш минь?” гэж сурагч асуухад багш нь түүний толгойг устай хувинд дүрж орхив. Сурагч тавгүйтэж, эсэргүүцэл үзүүлж эхлэх хүртэл тавьсангүй. Яагаад ингэсэн талаар асуухад багш нь: “Усанд байхдаа чи агаар амьсгалахыг хэр их хүссэн бэ?” “Маш их хүссэн, агаар бол миний хүсэж, бодсон цорын ганц зүйл байсан” гэж сурагч хариулав. Багш нь ингэж хэлэв: “Чи түрүүн агаарыг хэр их хүссэн, яг түүн шигээ амьдралын ухааныг мэдэхийг хүсвэл чи зорьсондоо хүрэх болно”. Би энэ бүхнээс хэд хэдэн зүйлийг олж ухаарсан юм: 


1. Ихэнхдээ хүмүүст тусламж хэрэггүй байдаг. 

Гийнах хэмжээний хэцүү байгаа ч, яг босоод үйлдэл хийх хэмжээний их өвдөж зовоогүй байдаг

 Хүмүүс зөвлөгөө уншихын тулд интернет ухаж, өдөр тутам маш их хэмжээний мэдээллийг хүлээн авдаг. Аз жаргал, амьдралын тухай бичигдсэн нялуун шүлэгнээс эхлэн философи, гүн ухааны бодлогошрол хүртэл бүх зүйлийг уншина. Гэхдээ яг өөрт тулгарсан асуудлыг шийдэхийг хүсдэггүй. Багахан асуудал байгаа л даа гэхдээ нэг их сүртэй зүйл биш дээ гэхчлэн тэд боддог. Доороос нь холгоод байгаа хадааснаас босоод, цаашид яах ёстой талаар бодох хүртэл амьдрал нь тийм ч хэцүү биш байна гэсэн үг. Хамгийн үр дүнтэй зөвлөгөөг дагахад хамгийн хэцүү байдаг. Тухайлбал, өөрт тохиолдож байгаа зүйлсийн хариуцлагыг зөвхөн өөрөө үүрч, бусдад чихэхээ болих хэрэгтэй: 

  • Энэ зөвлөгөөг хэрэгжүүлэх их хэцүү юм байна. Эрч хүчтэй байхын тулд спортоор хичээллэхгүйгээр зүгээр л шоппинг хийчихье. Үр дүнтэй, хийхэд амархан, аз жаргал авч ирнэ шүү дээ. 
  • Дасгал хөдөлгөөн хийхгүй ээ надад энэ зохихгүй. Хурдан бөгөөд өөрийгөө зовоохооргүй арга зам олох хэрэгтэй.
  • Хагалгаа хийлгэж байхаар өвчин намдаагч уучихъя. Шархыг цэвэрлэж байхаар зүгээр л шархны лент наачихъя... гэх мэт. 


2. Хүмүүст хүчээр туславал тэднийг бусдаас хараат, сонголт хийх чадваргүй болгож 

өөрийнхөө өмнөөс хариуцлага хүлээж чадахгүй болгож орхидог

Тусламж гэдэг бол хүн бүрийн хувийн сонголт. Зарим нь байнга л тусламж гуйгаастай амьдардаг. Тэгсэн мөртлөө өөрийнхөө төлөө хуруугаа ч хөдөлгөх дургүй. Над шиг бусдад туслахыг хүсдэг хүмүүс тэдний энэ гуйлтыг биелүүлэхийг оролдож эхэлнэ. Тэдэнд харин жинхэнэ тусламж биш, харин анхаарал л хэрэгтэй байдаг тул: “Битгий миний амьдралд оролцоод бай, би чамаас юу ч гуйгаагүй, чиний хэлснээр хийгээд би бүйтэлгүйтчихлээ, үүнд чи л буруутай” гэж хэлдэг. Танил сонсогдож байна уу? Ийм хүмүүс тусламж гуйж чаддаггүй. Гутамшигтай санагддаг. Иймд бусад хүмүүс өөрсдөө тэдэнд тусламжийн гар сунгах хүртэл нь нөлөөлж чаддаг байна. Ингэснээр тусламж авахаас “татгалзаж”, их зан гаргаж, та нар л өөрсдөө шийдээ биз дээ, надад хэрэггүй, би юу ч гуйгаагүй гэх мэтээр аашилна. Хохирогчийн байр суурь ашигтай. Бусдыг хүссэнээрээ удирдах боломж олгодог юм. Хохирогч эцэст нь маш их эрч хүч, эрх мэдлийг олж авсан байдаг.  “Бүү саад хий” зарчмыг ойлгохын тулд нэгэн сургамжит өгүүллэгийг саная: 

Нэгэн хүн хүүхэлдэйнээсээ гарч чадахгүй байгаа эрвээхэйг харж тэсэлгүй туслахаар шийджээ. Хүүхэлдэйг нь хутгаар зүсэж эрвээхэйг гаргав. Харин эрвээхэй суллагдсан ч далавч нь тэнийсэнгүй. Эрвээхэй өөрөө хичээж, тэмцсэний дараа хүүхэлдэйнээсээ гарсан бол далавч нь хүчтэй болж нисэж чадах байсан юм. Харин одоо тэр эрвээхэй дутуу хөгжсөн далавчтай л үлдэж, хэзээ ч нисэж чадаагүй гэдэг. 

Хүн саад, бэрхшээлийг давж байж хөгждөг. Иймд тав тухтай амьдрах орчин бүрдүүлж өгвөл тэднийг сул, хүч муутай болгож байна л гэсэн үг. Хүнд тусламж үнэхээр хэрэгтэй бол гуйж сурах хэрэгтэй. 


3. Асуудлаа шийдэлгүй орхисноор хүн илүү их ашиг олдог

Үүнийг дам ашиг гэж нэрлэдэг юм. Хүн ямар ч хэцүү нөхцөл байдалд орсон бай түүнээсээ гарах оролдлого хийхгүй байвал түүнд энэ нь ямар нэгэн байдлаар ашигтай байна л гэсэн үг: хөгжих, өөрчлөгдөх хүсэлгүй, бусдын өглөгийг идэж, залхуурч амьдрах нь түүнд таатай байна. Хүнд өвчтэй хүмүүсийн талаар иймэрхүү олон түүхийг би сонсож байсан. Тэд эдгэрэхийг хүсдэггүй. Учир нь эрүүл болчихвол хүмүүс тэдэнд анхаарал тавихаа болино гэхээс айдаг. Бүр нөхрөө дэргэдээ байлгахын тулд санаатайгаар өвдөж байсан эмэгтэйн тухай хүртэл сонсож байлаа. Өвчтэй хүнийг хаяж болохгүй гэсэн сэтгэлээр нь тоглож байна. Иймэрхүү хүн дээр тусалъя, эдгээгээд өгье гээд очвол өөдөөс тань уурлаж, даажигнаж байна гэж буруутгах байх. Тэр эмчлүүлэхийг хүсэхгүй. Өвчтэй хэвээрээ байхыг хүсэж байна.


4. Хүн бүрт өөрийн гэсэн хувь заяа, замнах зам гэж байдаг. Энэ бүгд түүний хийсэн үйлдлээс хамаарна

Би хэн нэгэнд туслахыг хүссэн ч түүнд миний тусламж хэрэгтэй байгаа үгүйг яаж мэдэх вэ? Түүний хувь заяаг би өөрчилчих ч юм билүү? Энэ хүнд чухам юу хэрэгтэй байгааг би Бурхан, хувь заяаных нь өмнөөс шийдэх эрхтэй гэж үү? Хүн бүрт өөрийн зам байгаа. Өөрийн туршлага дээрээс харахад би өөрөө л асуудлынхаа учрыг олохоос нааш надад хэн ч тусалж чадаагүй юм. Асуудлын учрыг олохын тулд би хангалттай удаан хугацаанд бодож, байж болох хамгийн доод ёроолдоо хүрч тэндээсээ ухаарлыг олж, дээш тэмүүлэх эрч хүчийг олж авч байсан. Тэсэхийн аргагүй болсон цагт л эдгэрч эхэлдэг. 


5. Хүн бүрт өөрийн гэсэн үнэт зүйл, үзэл бодол байдаг.

Үзэж хардаг хүнд хувь хүний хөгжил, амжилтын талаар хичээл заадаг багш тусална гэвэл бүтэхгүй. Маргаан үүсч, эцэст нь тэд тус бүр өөрийнхөө зөв гэсэн бодолтой л хоцорно. Иймд тусламжийн гараа сунгахын өмнө тухайн хүний үнэт зүйлтэй сөргөлдөхвий гэдгийг бодолцох хэрэгтэй. Түүний амьдралыг үзэх үзэл таныхаас эрс ялгаатай байх магадлалтай. Тусламж гуйхаас цааргалах хэрэггүй. Үнэхээр хэрэгтэй л бол гуйх хэрэгтэй. Эхэндээ бага зэрэг хэцүү. Гэхдээ би одоо бусдаас ямар тусламж хүсэж байгаагаа шууд хэлдэг болсон. Бусад хүмүүс ч бас надад ингэж хандаасай гэж хүсэж байна. Иймд би цаашид зөвхөн тусламж гуйсан хүнд л туслахаар шийдсэн юм. Хажууд “Ёохх” гээд үглээд байхын оронд “Надад туслаач, намайг тайвшруулаач, надад туслаач” гэж хэлбэл хамаагүй үр дүнтэй. Хэрэгцээгээ ухаарч, хүссэнээ хэлж сурах хэрэгтэй. Ахиж би бусдын өмнөөс бодож, таахыг хүсэхгүй байна.  “Би чамд юугаар туслах вэ?” гэж шууд асуудаг болсон. Өмнө нь “Энэ хүн юунд гомдсон юм бол доо?” гэж тааж суудаг байлаа. Энэ асуудлын нөгөө талд тусламж өгдөг хүн гэж байгааг мартаж болохгүй. Тэд ч мөн адил чухал үүрэг гүйцэтгэдэг. Би бусдад туслахдаа тухайн хүнд үнэхээр тусламж хэрэгтэй л гэж боддог байв. Тэр байтугай түүнд яг ямар тусламж хэрэгтэй гэдгийг сайн мэдэх юм шиг санагддаг байв. Гэхдээ үнэндээ бол тийм биш л дээ. 


Тусалдаг хүмүүсийн сэдэл нь юу байдаг вэ? Тэд яагаад бусдад тусалдаг вэ? 

Зорилго, сэдэл нь үргэлж сайн сайхан биш байх нь харамсалтай. Тухайлбал: 

  1. Хүнд яаж, юугаар туслах гэдгээ тусалдаг хүн мэддэг гэж бодьё. Түүний зөв ч байж болно, буруу ч байж болно. Илүү сайн болгоод өгье, илүү сайн хийгээд өгье гэж санал болгохоосоо өмнө туслах гэж буй хүнээсээ асуух хэрэгтэй. Тэр үүнтэй санал нийлж байна уу? Тэр энэ өөрчлөлтөд бэлэн байна уу? Ихэнхдээ бэлэн биш байдаг. Учир нь дээр дурьдсанчлан түүнд жинхэнээсээ аминд тулсан асуудал үүсээгүй. 
  2. Тусалдаг хүн бусдыг ашиглаж өөрийнхөө хэрэгцээг хангадаг. Ийм төрлийн тусламж хамгийн муухай. Ихэвчлэн санаа тавьж буй мэтээр шүүмжилж эхэлдэг: “Чи хоол хийж чаддаггүй юм байна. Чамайг илүү сайн гэрийн эзэгтэй болоосой гэсэндээ би үүнийг хэлж байгаа юм шүү”. Эсвэл пассив уцаараар илэрдэг: “Чи таагүй харагдаж байна. Миний очдог гоо сайханч дээр очооч” гэх мэт. Эсвэл бүр ашиг хонжоо хайна: “Эмэгтэйлэг талыг чинь нээхэд би тусалж чадна. Үүний тулд надтай унтах хэрэгтэй”. 
  3. Тусалдаг хүн өөрийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлэхийг хүсдэг. Тэд бусдад тусалснаараа илүү гэгээлэг, хүндтэй болж бусдад мэдлэг, ухаан түгээдэг мэт санагддаг аж. Тэд өөрийгөө илүү дээгүүр үнэлж, их зан сууна. Харамсалтай нь иймэрхүү зүйл тодорхой салбарын хүмүүст маш их тохиолддог – эмч, багш, сэтгэл зүйч гэх мэт. Тэд мэргэжил дотроо түгжигдчихдэг. Бусдад тусалж байгаа үедээ л сайхан мэдрэмж авч чаддаг болдог. 


“Нойрсож буй нэгнийг бүү сэрээ, сэрсэн хүнд нь тусал”

Хүн бүр өөрийн сонголтоо хийх байх: туслах, эс туслах, тусламж гуйх, гуйхгүй байх гэх мэт. Хамгийн чухал нь өөрөө өөртөө үнэнч байх. Хэнд ч хүчээр тусалж болохгүй. Хүн бүр өөрийн замналаар замнана. Та тусалмаар байвал санал болго гэхдээ тулгаж болохгүй.