Бид бичил хуванцрыг хоол хүнс, устай хамт залгиж байна

Х.Оргил
07 сарын 29, 2022

Нидерландын эрдэмтэд хүний цуснаас анх удаа бичил хуванцар илрүүлжээ. Амстердамын Чөлөөт их сургуулийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны талаар “Handelsblatt” сонины цахим хувилбар мэдээлсэн байна.


Мэргэжилтнүүд эрүүл, насанд хүрсэн 22 хүний цусны дээжийг тусгайлан зохион бүтээсэн хэмжих системээр шинжлэхэд 17-гийнх нь цуснаас бичил хуванцар илэрчээ. Судалгаанд оролцогчдын биоматериалын дээжид мл тутамд 1.6 микрограмм буюу маш бага хэмжээтэй хуванцар байгаа нь тогтоогдсон байна.


Цусны дээжүүдийн тал хувиас нь ундааны саванд түгээмэл хэрэглэдэг "PET" хуванцар, гуравны нэгээс нь хүнсний болон бусад бүтээгдэхүүний савлагаа хийхэд ашигладаг полистирол, дөрөвний нэгээс нь гялгар уут хийхэд ашигладаг полиэтилен гэх бодис илэрчээ.


Эрдэмтэд бичил хуванцар хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг хараахан мэдэхгүй байна. Гэвч бичил хуванцар нь хүний эд эсэд гэмтэл учруулдаг нь лабораторийн нөхцөлд нотлогдож, агаарын бохирдлын тоосонцор бие махбодод нэвтэрч, жил бүр олон сая хүн эрт нас бардаг нь хэдийнээ тогтоогдсонд мэргэжилтнүүд санаа зовж байна. Үүнээс гадна, хүн бичил хуванцрыг хоол хүнс, устай хамт залгиж, мөн амьсгалдаг болохыг тогтоожээ.


Бичил хуванцар мөн жирэмсэн эмэгтэйн ихсээс илэрсэн билээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.