Хөвсгөл аймгийн Мөрөн суманд орон нутгийн залуучуудын санаачлагаар “Ид шидийн орон Хөвсгөл” төв барьж, энэ оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус төслийн үйл ажиллагаанд шаардлагатай төсвийг бүрдүүлэх зорилгоор “Шидэт урц” ТББ-аас санаачлан, “Бид нэг нутаг-Ид шидийн орон Хөвсгөл” хандивын тоглолтыг энэ сарын 9-ний 19.00 цагт “Улаанбаатар палас”-т ганцхан удаа зохион байгуулах юм байна. 

Тоглолтод Төрийн шагналт Улсын филармони, “Баян Монгол” чуулга, МУГЖ С.Наран, Ө.Уянга, Б.Мөнхбаатар, МУСТА Т.Дэлгэрмөрөн, О.Баянмөнх, Я.Гэрэлчулуун, Б.Монголхүү, Э.Төрмандах О.Гансувд Б.Баяндалай, Х.Давхарбаяр, А.Бурмаа, Ө.Бохьшарга, Г. Даваадалай, Б.Болорцэрэн, Э.Төрмандах, Н.Найдан, В.Дашзэвэг Э.Өлзийбаатар, Б.Уранзаяа, Э.Дашням, "Гурван бүдүүн", Танхай ерөөлч Сүхээ тэргүүтэй уран бүтээлчид ая дуугаа өргөх ажээ. 

Мөн поп опера "Увертура" хамтлаг, дуучин O.Z, Jason, Desant, Thunder, Erka, Babar, Bilgang, Chill Jagaa болон дуучин Ж.Баясгалан, Э.Мөнхтуяа, П.Баярцэнгэл, Ginjin, Pacrap, Gangbay Ядам, Eternal, Лууяа, гитарчин дуучин О.Гантулга нар урилгаар оролцох юм байна. 

Энэхүү тоглолтын орлого 100 хувь Монгол Улсын хоймор нутаг Хөвсгөл аймагт "Ид шидийн орон" сүндэрлэн босоход зориулагдана.

Хөвсгөлд хүүхдийн төлөө хүн бүр хөдөлж эхэлжээ. Хоймор нутгийн хүүхэд, багачуудын тэгш хөгжих боломжийг бүрдүүлэх энэхүү төвийг бүтээн байгуулах их үйлст нутаг орныхон нэгдэж, хандив тусламжаа үзүүлсээр байгаа талаар зохион байгуулагчид мэдээлэв. Тухайлбал, Хөвсгөл аймгийн ихэнх сумдын Засаг дарга, Багийн засаг дарга нар Улаанбаатар хот руу зөвлөгөөнд явах замаараа барилгын талбай дээр ирж танилцан, “Бид нэг нутаг - Хөвсгөл” тоглолтын 55 билет 2045000 төгрөгөөр худалдан авчээ. Мөн нутгийн иргэн н.Нэргүй, н.Оюунчимэг нар “Хоёр эгч нь чадахаараа тусалмаар байна” гээд, борцтой цуйван бариад ирсэн байна.

Тасалбар бүрт мод бэлэглэхийн зэрэгцээ тоглолт үзэж буй үзэгчдээсээ хурдан удмын дааганы азтан тодруулах юм байна. “Хөвсгөл Ид шидийн орон" төсөлд тус аймгийн “Дэлтэй цэнхэр” уяачдын холбооныхон холбоогоороо нэгдэн оролцож буй аж. 

Мөрөн сумын харъяат, "Цолмонт гал" уяаны Аймгийн алдарт уяач Цэрэнхүүгийн Галсан өөрийн адуун сүргээс, Хөвсгөл аймгийн баяр наадамд 2015, 2016, 2017 онуудад дараалан 3 түрүүлсэн, 2015 оны "Хөвсгөл хурд" наадмын түрүү Цолмон халтар азарганы төл болох эр даагаар хандивын аянд нэгджээ. Тус дааганы эх Монгол Улсын Тод манлай уяач Г.Доржпүрэвийн адууны гүү ажээ.