Америкийн үйлдвэр эрхлэгч, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс Эстони улсын "цахим орчинд байнгын оршин суугч" болсон тухай тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

“Цахим орчинд байнгын оршин суугчийн цахим иргэний үнэмлэхийг Билл Гейтст Эстони улсын Ерөнхий сайд Юри Ратас Бельгийн нийслэл Брюссель хотод гардуулан өглөө” гэж мэдээлэлд дурдсан байна. Эстонийн Ерөнхий сайд Бельгид ЕХ-ны дээд хэмжээний уулзалтад оролцсон аж.

Эстонийн парламент 2014 оны аравдугаар сард иргэний улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулж, “цахим орчинд байнгын оршин суух эрх олгох” тухай заалтыг баталсан байна. Ийм статус нь зөвхөн цахим орчинд хэрэглэх зориулалттай цахим иргэний үнэмлэх авах гадаадын иргэдийг татах зорилготой аж.

Цахим иргэний үнэмлэх эзэмшигчид түүнийгээ төрийн онлайн үйлчилгээнүүдийг ашиглах зөвшөөрөл авахад, тухайн улсад өөрөө байхгүй тохиолдолд пүүс компаниа бүртгүүлэх болон баримт бичигт цахим гарын үсэг зурахад ашиглана.

Эстонийн Дотоод хэргийн яамны мэдээллээр, 2014 оны арванхоёрдугаар сараас хойш тус улс бараг 150 орны иргэдэд 37 мянга гаруй цахим иргэний үнэмлэх олгожээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг