Хөдөлмөрийн үндэсний намыг нийслэлийн сонгуульд оруулахгүй байх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн талаар тус намынхан өнөөдөр Сүхбаатарын талбайд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус намын дарга Б.Найдалаа "Өнөөдөр Монгол Улсад шударга ёс, ардчилал байхгүй болжээ. Хөдөлмөрийн Үндэсний намаас нийт монголчууддаа хандан монголын ардчилалд онц байдал зарлаж байна. Өнөөдөр бид ардчиллаа аварч, шударга ёсыг тогтоохгүй юм бол маргааш таны хүүхдийг хэн нэгэн улстөрчийн захиалгаар гавлахаар байна.

Хөдөлмөрийн үндэсний намыг нийслэлийн сонгуульд оруулахгүй байх талаар улс төрийн зохион байгуулалттай, мөнгө санхүүжилттэй ажиллагаа явагдаж байна. Өчигдөр шуурхай журмаар, улс төрийн зорилгоор шүүхийн захирамж гаргаж, манай намыг сонгуульд оролцох эрхийг түдгэлзүүлсэн байна

Хөдөлмөрийн үндэсний нам сонгуульд оролцохтой холбоотой бүх бичиг баримтыг хуулийн дагуу маш нямбай бүрдүүлсэн. Үүнд ямар ч асуудал байхгүй. Мөн намд дотоод хагарал, маргаан байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Тэгэхээр энэ асуудал өнөөдөр нэг намын, хэдэн нэр дэвшигчийн сонгуульд оролцох тухай асуудал биш. Цаашид монголд ардчилал байх уу, үгүй юу, сонгуульд явагдах уу үгүй юу гэдэгтэй холбоотой асуудал. Нийт монголчууд таны сонгох, сонгогдох эрх, эрх чөлөө, шударга ёс, бизнесийн орчин зэрэгтэй холбоотой. Иймд иргэд та бүхнийг талбай дээр гарч ирж, бидэнтэй нэгдэхийг урьж байна" хэмээлээ.