Солонгосын гадаад харилцааны яамнаас визний брокертой холбоотой болон элчингийн ажилчидтайгаа ёс зүйгүй харилцаж албан тушаалаа ашигласан хэргээр Монгол улсад суугаа Солонгосын элчин сайд Жон Жэ Намыг шалгаж эхэлснийг мэдээлжээ.

Элчин сайд Жон Жэ Нам виз зуучлагч брокеруудтай хэд хэдэн удаа утсаар холбогдон визний асуудлаар ярилцсан бичлэгийг тус улсын ГХЯ олж авсан байна.

Жон Жэ Нам элчин нь өөрийнх нь дуртай мёлчи хачирыг үйл ажиллагааны үеэр хоолны цэсэнд оруулсангүй гэж уурласан, ажлын гар утсыг сүүлийн үеийн утсаар сольсонгүй гэж хашгирсан гэх мэт олон ёс зүйгүй үйлдэл хийсэн аж. Мөн визийн хураамжийг завшсан гэх хэрэгт буруутгагдаад буй.

Уг асуудлаар Солонгосын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд Монгол дахь Элчин сайдын яамны нэрээ нууцалсан ажилтан гомдол бичсэн бөгөөд Жон Жэ Нам Элчин сайдын яамны төсвийг өөрийн хувийн хэрэгцээнд буруугаар ашигладаг, виз мэдүүлэгчдийн визийн хураамжийг хувьдаа завшсан гэх мэдээллийг ч дурдсан аж.