Өчигдөр болсон "Эдийн засгийн чуулга уулзалт"-ын үеэр Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт” сэдвээр хуралдсан юм. 

Асуудал дэвшүүлж ярихаас илүүтэй тулга тойрсон асуудал эсвэл НИТХ-ыг санагдуулам уг хурал олон хүнийг залхааж орхисон юм.

Уг хуралдаанд панелистаар оролцсон хүмүүсийн нэг бол  "Метро девелопмент" группын ерөнхий захирал Б.Одсүрэн. Тэрбээр хотын гол асуудал болох автозамын түгжрэл, кадастрын зургийг хийхдээ байшин хооронд замыг нь нарийн төлөвлөж өгөх зэрэг асуудлыг хөндсөн юм. 

Өнөөдөр тэрбээр фэйсбүүк хуудастаа хотын даргад гаргасан хүсэлтээ дайсан байна. Хүсэлтэнд хот төлөвлөлтөнд тулгарч байгаа барилгын салбарын асуудлыг хөндөн санал дэвшүүлжээ.

Хотын даргад илгээх хүсэлт:


1. Улаанбаатар хотод байгаа барилгуудын фасад бол нийтийн өмч юм. Европ үүн дээр хатуу хяналттай байдаг. Өнгө үзэмж нь сайхан, он удаан жилийн настай байх ёстой. Харин манайд хэн ч хамааралгүй. Янагийн ягаан, галзуурмаар цэнхэр, мэдрэл ногоон өнгөтэй байшингуудтай хот байж болохгүй биз дээ. Үүн дээр үнэндээ бодлого алга уул нь бол хот л хийх ёстой биз.


2. Хотын төвд барилга барих журмаа өөрчлөхгүй юм  уу ? Одоо болиоч ээ гэмээр газар байшин бариулах зөвшөөрөл олгогдоод байна. Эсвэл ингээд үргэлжлээд байх юм уу. Барилга барих зөвшөөрлөөр хотын барилгажилтыг удирдаж сурахгүй юм уу.


3. Улсын комисс өгсөн барилгуудын хашааг буулгуулаач ээ. Хашаанбаатар хотыг өөрчилмөөр байна. Хэнээсээ айж амьдрах вэ, камер гэдэг зүйл байгаа шүү дээ.


4. Газрыг олгохдоо нийлүүлж биш дунд ядаж зам тавих зай гаргаж олгооч ээ.
Газар олгох журмыг өөрчлөхгүй бол дунд зуунд хоцорч үлдлээ.


5. Газар, байшин, барилга эзэмшигчдээс хэзээ татвараа авч сурах вэ. Минийхээр 200 тэрбум төгрөгийг дарамт үүсгэхгүйгээр жил бүр авч болох юм шиг санагдах юм.


6. Дагуул хот, мега төслүүдээ одоо болио, бидний нас хүрэхгүй бөөн үр ашиггүй зардал. Дараагийн Засаг ч үнийг зөвшөөрөхгүй. Зүгээр л замаа нэмээд өгвөл баярлалаа гэж хэлмээр байна.