Бүс нутгийн хөгжлийг дэмжих, хотын төвлөрлийг сааруулах, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах хүрээнд төвийн бүсийн Төв, Сэлэнгэ, Булган, Дархан, Эрдэнэт хотуудтай “Хөгжлийн алтан гурвалжин бодлого”-ыг нийслэлийн Засаг дарга С.Батболд санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулж, ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. 

Улаанбаатар хотод оршин суугчдын 3 хүн тутмын нэг нь 1990-2015 оны хооронд шилжин ирсэн бол хүн ам жилд дунджаар 6 хувиар өссөн нь улсын дундаж өсөлт болох 1.83 хувиас өндөр байгаа юм. Улаанбаатар хотын хүн амын улсын дүнд эзлэх хувь 1990 онд 26 хувь байсан бол өнгөрсөн онд 47 болж өссөн байна. Энэ механик өсөлтийг багасгах үүднээс өнгөрсөн оноос нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь үр дүнгээ өгч жилд дунджаар 30 мянган хүн шилжин ирдэг байсан бол 20 мянга болон буурчээ.

Гэсэн ч нийслэл хотын хүн амын өсөлтийн 56 хувийг хүн амын шилжилт хөдөлгөөн эзэлж, хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт юм. Төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохист хэмжээнээс 2-3 дахин хэтэрсэн байна. Тиймээс бүс нутгийн хөгжлийг хангах, төвийн бүсийн аймгуудтай хамтрах, хүн амын нягтралыг сааруулах нь нэн тэргүүний хийж хэрэгжүүлэх ажил болоод байгаа юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Төв аймаг бол миний өсөж төрсөн нутаг. Хотын захиргааны болон улс төр нийгмийн гол ажиллах хүчний бааз суурь, боловсон хүчний дарханы газар гэж яригддаг байлаа. Нийслэл хоттой хамгийн ойр байрлаж байгаа учир чадварлаг боловсон хүчин эндээс ажлын гараагаа эхэлж, цаашид өсөн дэвжих боломжтой байдаг. Төв аймаг, Улаанбаатар хот олон арван жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Төв аймгийг нийслэлийн ар тал гэж ярьдаг байсан нь одоо ч хэвээрээ. Бидэнд хамтын ажиллагааны олон боломж бий. Улаанбаатар хотын болон Төв аймгийн давуу талуудыг харилцан хэрхэн ашиглах вэ гэдэг асуудлуудыг өргөн хүрээнд ярилцаж байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад Төв аймаг маш чухал үүрэгтэй. Төв аймгийн нутаг дэвсгэр дээр Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, дагуул хотууд байгуулагдана. Үүнийг анхнаас нь хэрхэн төлөвлөн хийх ёстой вэ гэдгийг ярилцах хэрэгтэй. Мөн эдийн засгийн том боломжууд байна. Нийслэлд үйлдвэр, ложистикийн төвүүд байгуулахад газар болон дэд бүтцийн боломж хомс. Төв аймгийн олон сум нийслэлтэй хиллэдэг. Тэгвэл дээрх төвүүдийг төв аймагт байгуулвал тухайн сумдийн эдийн засгийн ашиг орлого бий болох боломжтой.

Түүнчлэн хотын хөдөө аж ахуй гэсэн ойлголт байдаг. Энэ нь маш бага талбай дээрээс маш өндөр хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх учиртай. Улаанбаатар хотын хөдөө аж ахуй бол эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүлэмжийн аж ахуй байх ёстой. Үүнийг мөн Төв аймаг хангах ёстой. 

Төв аймаг эрчимжсэн мал аж ахуй эрхэлж экологийн цэвэр бүтээгдэхүүнээр Улаанбаатар хотыг хангах хэрэгтэй. Ингэснээр ашиг орлого нэмэгдэх боломжтой. Мөн Манзуширын амны аялал жуулчлалын бүтцийг хэрхэн бий болгох, нийслэл хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Манзуширын амны тодорхой хэсэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамаардаг. Дэд бүтцийг хөгжүүлэх үүднээс нийслэлээс хөрөнгө оруулалт хийж, аялал жуулчлалын гол маршрут болгох тал дээр хамтран ажиллах боломжтой.

Тэр утгаараа хамтраад нийслэлээс дэд бүтэц тал дээр нь тодорхой хөрөнгө оруулалт хийх, Төв аймаг үүнийг аялал жуулчлалын гол маршрут болгох тал дээр хамтран ажиллах талаар ярьж байна. Улаанбаатар хотыг тойрсон бүх аялал жуулчлалын дурсгалт газрууд Төв аймагт байдаг учраас энэ бүхэн дээр хамтран ажиллах бололцоотой” гэж ярилаа.