Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийг ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан юм.

Зарлиг гардуулах ёслол Богд хаант Монгол Улсын үеийн төрийн дуулал “Зуун лангийн жороо луус”-аар эхэлж, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлигийг уншиж сонордуулав.

Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл шашны бодлогын зөвлөх Ц.Хулан ирсэн зочдын амар мэндийг айлтган мэндчилж, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл шашны бодлогын зөвлөх Ц.Хулан:           

“Жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр бидний тэмдэглэж буй Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баяр бол монголчууд Богд хаан, алтан ургийн хан ноёд, түшмэд, ихэс дээдэс, харц ард, лам хар бүгдээрээ их үйлсийн төлөө зориглон нэгдэж чадсаны үр дүн, монголчууд эв нэгдлийн гайхамшгийг үзүүлж, үндэсний эрх ашгаа эрхэмлэн дээдэлсний илэрхийлэл мөн.Энэ их түүхэн үйл явдлыг дурсаж, үндэсний баатруудаа эрхэмлэж, үеийн үедээ улс үндсээрээ бахархаж, эв нэгдэл, үндэсний эрхэм үнэт зүйлсээ дээдэлж байх зорилгоор 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын эзэн хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гаргасныг өнөөдөр түүхэн ариун дагшин газар Богд хааны ордноос түмэн олноо сонордуулж, холбогдох байгууллагуудад гардуулан өгч байна.Монголчууд бид эх түүхээ дээдэлж, үндэсний уламжлал, соёл, зан заншлаа эрхэмлэх учиртай болохыг сануулахын тулд энэхүү хааны ордныг сонгон, Ерөнхийлөгчийн зарлигийг Та бүхэнд хүргэж байгаа юм. Ойн хүрээнд Богд хааны ордон музейн дэргэд Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбор байгуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн кино бүтээх, баримт бичгүүдийн эмхэтгэл, гэрэл зураг, түүхийн ховор эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн гаргахыг Засгийн газарт зарлигаар чиглэл болгосон байгаа. Зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхийн ариун дагшин газар, Монгол төрийн эзэн хааныхаа ордны эзэмшил газрын зарим маргаантай асуудалд Засгийн газар анхаарал хандуулж шийдвэрлэнэ гэж найдаж байна.Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож буй XVII жарны шарагчин гахай жилд Монгол Улсад үндэсний эв нэгдэл, шударга ёс, эх оронч үзэл батжиж, монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, айл бүр амгалан жаргалантай байх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Баярлалаа” гэлээ.

Зарлигийг:

  1. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар,
  2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр
  3. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан
  4. Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл,
  5. Архивын Ерөнхий Газрын дарга С.Энхбаатар,
  6. Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц,
  7. Монголын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо,
  8. Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нат гардуулж өгөв.