ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож байна.

Ой тохиож байгаатай холбогдуулан “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт тус үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээлээ.

“Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэнд Жавзандамба хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилийн сүмбүм, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор чухаг нийт 60 гаруй үзмэрийг дээжлэн тавьжээ.