НИТХ-ын ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо.

Хуралдааны үеэр Нийгмийн бодлогын хорооноос Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд ниймийг салбарт 163 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, эдгээр ажилд нийт төсвийн 20 орчим хувийг зарцуулахаар төлөвлөснийг  нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэнийг уламжлав. Мөн Хороо дундын жишиг өрхийн эмнэлэг 3-4 барих,  Багануур дүүрэгт соёлын өвийн барилга шинээр барих, Уншлагыг дэмжих 2021 төслийг дэмжиж хэрэгжүүлэх гэх зэрэг саналыг нэмж тусгуулахаар санал орууллаа. Дээрх саналыг төлөөлөгчдийн олонх дэмжиж, хэрэгжүүлэхээр боллоо.

Мөн 2019 оны Үндсэн чиглэлд хүн амийн тоо, нягтаршлыг үндэслэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах, шинээр дүүрэг байгуулах асуудлаар гаргасан төлөөлөгч Б.Сүхбаатарын санал,  төлөөлөгч Ш.Төмөрбаатарын гаргасан  Сүхбаатар дүүргийн XVI хороог хуваах  зарчмын саналын дагуу  хуралд оролцсон төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулахад олонхи төлөөлөгч дэмжлээ. Ингэснээр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах саналыг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Түүнчлэн Ц.Байгалмаа төлөөлөгчийн гаргасан Хан-Уул дүүрэг дэх Богд хааны музейн 1.6 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах санал дэмжигдэж, 2019 оны Үндсэн чиглэлд нэмж орохоор боллоо. Төлөөлөгч Б.Сүхбаатарын дэвшүүлсэн  орон сууны хөтөлбөрийг дэмжих зорилгоор 2019 онд Азийн орон сууцны олон улсын форумыг Улаанбаатар хотод зохион байгуулах ажил дэмжигдэж Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх  2019 оны Үндсэн чиглэлд  нэмж тусгахаар болж  НИТХ-аар нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны Үндсэн чиглэлийг баталлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ