Богд хааны ордон музейн газарт 1997 оноос хойш өнөөг хүртэл зөвшөөрөлгүй байрлаж байсан “Жи Эм Ти” ХХК-ийн бэлэг дурсгалын дэлгүүрийг Хан-Уул дүүргийн газрын албанаас шуурхай арга хэмжээ авч газар чөлөөлөх ажлыг эхлүүлжээ.

Богд хааны ордон музейн захиргаанаас тус бэлэг дурсгалын дэлгүүрийн газрыг чөлөөлүүлэхээр 2001 оноос хойш хөөцөлдөж ирсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй өнөөг хүрсэн юм.

Нийслэлийн зүгээс түүх, соёлын дурсгалт газар, түүний хамгаалалтын бүсийн бүрэн бүтэн байдалд онцгой анхаарал хандуулж зохих шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү бэлэг дурсгалын дэлгүүрийн газрыг албадан чөлөөлж буй арга хэмжээ юм байна.

Таван сарын өмнө Богд хааны ордон музейн газарт барилга барих гэж байсан “АПУ” ХХК-ийн охин компани болох “Ван трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан юм.  

Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цолцолбор бөгөөд Монгол Улсын хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейд тооцогддог юм. Гэсэн хэдий удаа дараагийн тогтоол шийдвэрээр музейн эзэмшил газраас хувийн аж, ахуйн нэгжүүдэд шилжүүлж, Богд хааны ордон музейн газар багассаар 2.3 га нь хувийн эзэмшилд байдаг.