Хойд Энэтхэгт анх үүссэн Буддын сургаал Төвдийн өндөрлөгт дэлгэрэхдээ уугуул шүтлэгтэй нь холилдон олон янзын урсгал болон салаалж мухар сүсгийн төрхийг олжээ. Бурханд хүрэх арга замыг эзэмшсэн гэх мэргэ төлгөөр хувь заяа үздэг, ид шидээр өвчнийг анаадаг, ном уншлагаар ирээдүйг засдаг, гүрэм заслаар гай барцад арилдаг, илбэ жатгаар хар дом хийдэг бүхэл бүтэн давхрага буй болж, заль мэхтнүүд ашиг хонжоо олж, нийгмийн бусад хэсгээ биширүүлдэг үзмэрч, айлгадаг дүвчингүүд олширчээ.

Бурханы сургаал мухар сүсэгт идэгдэн, мөн чанар нь ихэд доройтсон яг энэ үед Төвдийн Хөх нуурт мэндэлсэн Богд Зонхов 1402 онд алхам алхамаар гэгээрэлд арга зам буюу "Бодь мөрийн зэрэг" алдарт бүтээлээ туурвин шашны аугаа их реформоо эхлүүлжээ. Буддын сургаалийн уг язгуурыг дахин судалж, залгамжлагчдынх нь ном судрыг харгуулан үзсэний үндсэн дээр бүтээн туурвисан уг ном нь анхлан гэгээрэгч, улам гэгээрэгч, төгс гэгээрэгч гэсэн гурван хэсгээс бүрдэх ба тус бүрийн хамрах хүрээ, судлах ном, дэг жаяг, бясалгах арга зүйг нарийвчлан зааж өгчээ.

Гэгээрлийн зам мөрд орохоор шулуудан сахил хүртсэн хуврагуудыг ахуйн амьдралаас ангид байлгахын тулд гэрээс гарч хийдэд суух, нэрээ арилжах, үсээ авахуулж тэмдэг тавих, номын хувцас өмсөх, өглөгөөр амь зуух зэрэг дүрэм журамыг нарийн зааж, аж ахуйн ажил эрхлэх, арилжаа наймаа хийх, эхнэр авах, эд хөрөнгөтэй болохыг хатуу хориглож, мэргэ төлгө тавих, засал дом хийх, зэрэг элдэв янзын зан үйлүүдийг ч халсан байна. Ийнхүү шар малгайтны буюу Гэлүгвагийн шашин үүссэн байна. Таны харж буй энэ ном бол анхлан гэгээрэгчдэд зориулсан шат дамжлагыг заан өгөх гарын авлага бөгөөд судрын уламжлалт хуучин орчуулгаас тэс өөр орчин цагийн монгол хэлэнд буулгасан анхны хэвлэл нь юм. 

Ирээдүйг урьдчилан харж чадахгүй ч, ирээдүйгээ урьдчилан засах боломж хүн бүхэнд олддог гэсэн утгаараа энэ бүтээл шашны явцуу хүрээнээс халин гарч бүх нийтийн хүртээл болох өргөн боломжтой юм. Гэгээрнэ гэдэг хялбаршуулан хэлэхэд бурхны сургаалыг дагах замаар сэтгэлээ зөв болгохоос эхэлнэ, сэтгэл зөвдөөд ирэхээр үйл зөвдөөд явчихна. Үйл зөвдөж байгаа юм чинь араас нь зөв үр бүрэлдэх нь зайлшгүй. Зөв үйлийн эдлэх нь зол жаргал мөн гэсэн энгийн логик юм. Өөрийгөө гэгээрүүлэхийн төлөө, өөртөө зөв дадал бий болгохын төлөө хийж байгаа бүхэн чинь буян юм шүү. 

Учир нь та өөрийгөө хэчнээн сайжруулж зөв зам руу хөтөлнө, тэр хэрээрээ бусдад тус болох эрмэлзлэл, чадамжтай болно гэсэн үг хэмээн дурджээ. Гэгээрсэн сэтгэлтэй байж гэгээрсэн хүн болно, гэгээрсэн хүмүүсээс бүрдсэн нийгэм гэгээрсэн үндэстэн болно. "Бодь мөрийн зэрэг" зохиогдсоноос хойш зургаан зуу гаруй жилийн дараа эргэн харахад Төвд Монгол хоёрын шашны төрх Богд Зонховын шашны шинэчлэл хийхээс өмнөх үеийн тэр нөхцөл байдалд орчихоод байгаа нь түүхийн даажигнал юм даа. Угтаа лам нарын ширээний ном байх учиртай "Бодь мөрийн зэрэг"-ээ Зонховын шавь нар уншдаггүй байх, эсвэл уншсан ч хэрэгжүүлдэггүй байх гэсэн бодол айл айл хэсэн гүрэм засал хийж яваа шар малгайт хуврагуудыг хараад төрдөг билээ.