Технологийн финтек компани болох Bolt компани долоо хоногийн дөрвөн өдөр ажилладаг хуваарьт нэг мөсөн шилжиж буйгаа зарлалаа. 

Өнгөрсөн есдүгээр сард эхэлж гурван сар туршсаны эцэст долоо хоногт 32 цаг ажиллах нь ажил дээрх бүтээмжийг 84 хувь нэмэгдүүлсэн, ажилчдын ажил-амьдралын тэнцвэрт байдал сайжирсан гэжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Райн Бреслоу өөрийн Twitter хуудсанд мэдэгдэхдээ:

 "Олон компанийн ажилчид ажлын стрессээс болж ажил хийхдээ биш, ажил хийж буй мэт дүр эсгэх дээр илүү анхаарах болсон. 

Хэрэггүй олон уулзалтууд, хэрэггүй илүү хэвлэсэн бичиг баримтууд, хэрэггүй тайлан, илтгэлүүдийг одоо хийх хэрэггүй болсон. Илүү цаг ажиллах нь гол биш илүү үр бүтээлтэй ажиллах нь гол." гэжээ. 

Bolt компанийг Эстони улсад тухайн үед 19 настай Маркус Виллиг үүсгэн байгуулж байсан бол өнөөдөр Европ, Ази, Африк, Латин Америкийн нийт 45 оронд 75 сая хэрэглэгчтэй технологийн аварга том компани болжээ. 

Тус компани өнгөрсөн онд 221 сая еврогийн орлого олсон байна. 

Covid-19 цар тахлын үед хэд хэдэн улс орнууд долоо хоногийн дөрвөн өдөр ажиллах тогтолцоог туршилтын журмаар хэрэгжүүлж хэдийн эхлээд байна. 

Их Британи, Шинэ Зеланд, Исланд, Ирланд зэрэг улсууд уг тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн. Испани улс уг тогтолцоонд гурван жилийн хугацаатай шилжиж буйгаа зарласан юм. 

Арабын Нэгдсэн Эмират улс энэ оноос эхлэн төрийн албан хаагчдыг долоо хоногт гурван өдөр амрахыг зөвшөөрсөн байна. 

Япон улсын Засгийн газар уг санаачлагыг хамгийн их дэмжиж буй бөгөөд ажил-амьдралын тэнцвэрийг сайжруулах зорилгоор ажил олгогчдод долоо хоногийн дөрвөн өдөр ажиллахыг зөвшөөрсөн байна. 

АНУ-ын Microsoft компани Япон дахь салбартаа өнгөрсөн зунаас эхлэн долоо хоногийн дөрвөн өдөр ажиллах, тав дахь өдөр цалинтай чөлөө олгох системийг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэхэд тус салбарын ажилчдын бүтээмж 40 хувь дээшилж, ажлын стресс буурч, цахилгааны хэрэглээ 23 хувиар буурч, ажилчдын цалин 40 хувь өсжээ. 

Эх сурвалж: https://www.cnbc.com/