Хэдэн жилийн өмнө би солонгос ресторантай танилтайгаа уулзаж суулаа. Тэр зохион байгуулагч авна гэж зар өгсөн байж. Би танай зохион байгуулагч яаж ажилладаг вэ гэж асуув. Тэр 10-22 цаг хүртэл бас хагас бүтэн сайнд ажиллаад 800 мянга авна гэсэн.

- Хэрвээ тэгж ажиллах хүн олдохгүй бол яах уу?

- Олдоно, нэг нь үгүй гэхэд нөгөөх нь за гэдэг юм. Гэхдээ одооны залуус залхуу болжээ гэж хэллээ.

Та нар сайн үйлс хийж зовсон нэгэндээ тусалж дэмнэж байгаагаа фэйсбүүкээр зөндөө үзүүлдэг. Гэхдээ та нар ийм сайн үйлсийг өөрсдөдөө хийх хэрэгтэй байна. Ийм урт цагтай ажлуудад үгүй гэж хэл. Урт цагтай ажил чамайг тэнэг болгоно. Чи тэнэг байх тусам бусдад ашигтай. Өнөөдөр нэг залуу зоригтойгоор үгүй гэхэд нөгөөх нь түүнийг дагадаг байх хэрэгтэй. Ийм ажлыг за би чадна гэж хийснээрээ тэр хүн өөрөө эрүүл мэндгүй, хураасан цалингүй, уур ааштай болж үлдэнэ.

Та нар анзаарсан уу. Телевизээр үргэлж ажил олгодог хүмүүс ярьдаг. Тэд та нарыг цаг наргүй ажиллуулах гэж амжилтын тухай хүүрнэж, залуусыг ажиллаад бай амжилтанд хүрнэ гэцгээнэ. Мөлжлөгийн хөдөлмөр сайхан амьдралд хүргэхгүй. Энэ тал дээр бид хөгжихгүй байна. Харин ч түүхийн өнгөрсөн үе рүү явж байна. Залхуу гэгддэг өнөөгийн залуус гадаадад яагаад сайн ажилладаг вэ. Цагтаа ажиллаж, илүү цагийн мөнгөө шударгаар авдаг учраас. Цалин нь юм болдог учраас. Манайд ажил олгогчид илүү цаг ажиллах ёстой гэдэг. Хийж болно. Гол нь мөнгөө авья.

Өдөр шөнөгүй сууж, цаг наргүй ажиллах нь гэр бүл, эрүүл мэнд, нийгэмд ямар хортойг бид сайн ойлгохгүй байна. Гудамжаар дүүрэн ууртай ядарсан хүмүүс, гэртээ бөөн хэрүүл. Энэ нь цалин хүрэлцэхгүй байгаагаас гадна тэд ядарч байна. Цаг наргүй, орчин муутай ажилд за гэвэл маргааш чиний хүүхэд дахиад за гэж хэлэх болно. Хэрвээ чи үгүй гэж хэлвэл чиний хүүхэд ирээдүйд илүү сайн цалин, сайн орчинд ажиллана. Сайн сайхны төлөө зориг гарга. Чамайг боолчилж байгаа хүмүүсийн эсрэг зоригтой бай. Залуус үүний төлөө зогсохгүй бол монголын компаниуд амин тариа төдий цалингаар чиний залуу нас, мэдсэн сурсныг нь ашигласаар байх болно.
Энэ огт хэцүү биш. Нэг нь илүү цаг ажилласан цалингаа авья гэхэд нөгөө нь зүгээр л толгой дохьчих. Нээрээ тэгье гээд хэлчих. Та нар ганц нэгээрээ захирлынхаа талд ороод юу хожих вэ. Үсрээд албан тушаал тэгээд....
Та нар барууны орнуудын залуусын олон зүйлийг дуурайдаг. Тэд боол шиг ажилд үгүй гэж хэлэх зоригтой. Үүнийг нь дуурай л даа.