Буяндэлгэрийн Мөнхчимэг
09 сарын 29, 2021
“Төсөөлснөөс өөр” хэмээх анхны номоо өлгийдөн аваад буй хувь хүний хөгжлийн көүч А.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр Австрали улсад таван жил гаруй суралцаж төгсөөд саяхан эх орондоо ирсэн юм. Энэхүү номоо нь хилийн чанадыг зорихоор зэхэж байгаа хэн бүхэнд очсон хойно оо сэтгэлийн хаттай, тууштай байж бэрхшээлийг даван туулахад нь дэм болог хэмээн бичжээ.
-Гадаадад суралцсан арга барил, туршилгаа хуваалцсан ном олон бий. Таны харж байгаагаар хилийн дээс алхаж буй залуус маань чухам юун дээр анхаарах ёстой гэж боддог вэ?
-Гадаад хэл сурч, өөр улсад мэргэжлээрээ суралцах нь тренд болчихлоо шүү дээ. Нэг үеэ бодвол залуус аль болох орчноо сольж, газар үзэж, нүд тайлахыг илүүд үзэж байгаа нь сайн хэрэг. Гаднын улс орны их дээд сургуульд хэрхэн тэтгэлгээр суралцах, чухам юу бэлдэх хэрэгтэй талаар мэдээлэл ч нээлттэй болжээ.
Гэхдээ яг тухайн улс орондоо зориод очсоны дараа тулгардаг, зарим хүний огтхон ч бодож үзээгүй асуудал гарах тохиолдол бий. Энэ бол сэтгэл зүйн бэлтгэл шүү дээ.
Бидний дийлэнх нь зорьсон газраа очоод л бүх зүйл сайхан болох юм шиг төсөөлдөг ч тухайн улсын соёл, байгаа нөхцөлдөө дасан зохицох үедээ сэтгэл зүйн хувьд хүлээн зөвшөөрч чадахгүй, эсвэл төсөөлснөөс өөр нөхцөл байдал үүссэнээс шантрах, сэтгэлээр унаж урам хугарах тохиолдол гардаг.
Сургуулиа амжилттай төгсөөд ирсэн мундаг залуус олон бий л дээ. Гэхдээ цөөнгүй залуус мөрөөдлөө дундаас нь орхисон, эсвэл яах учраа олохгүй самгардах, бууж өгөхөд бэлэн байдалд ордогийг зөндөө харж байсан болохоор явахаар хүсэж, төлөвлөж, бэлтгэж байгаа залууст очсон хойно оо сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаасай гэж хүсэн бодит үйл явдлууд дээр тулгуурлан тэр нөхцөлд хэрхэх вэ гэдгийг өөртэйгөө ажиллаж үзээд нэг ч гэсэн зүйлийг ойлгоод яваасай гэсэндээ номоо бичсэн.
Бичлэг үзэх:
-Бодит түүхүүдэд тулгуурлаж номоо бичсэн байх нь ээ?
-Ихэнх залуус хэлийг нь сурчихвал, виз гарчихвал болно гэж өнгөцхөн ханддаг. Үнэндээ тэнд очоод цоо шинэ амьдрал угтдаг. Очоод алхам бүрдээ л сорилттой тулгарна.
Жишээ нь ээж аавтайгаа амьдарч, ардаа санаа зовох зүйлгүй бүх зүйлс бэлэн нөхцөл байдалд байснаа хоолоо өөрөө хийхээс эхлээд л бүх асуудлаа өөрөө зохицуулах шаардлага тулгарч эхэлдэг.
Хэзээ ч байгаагүйгээр биеэ дааж амьдарна. Бүх асуудлыг нуруун дээрээ үүрнэ. Хаа хол байгаа ээж аав нар хүүхдэдээ санаа зовохоос өөрийг хийх боломжгүй шүү дээ.
Иймээс би гадаад орныг зорих шийдвэр гаргахаасаа ч өмнө мэдвэл зохих зүйлсийг өөрийн туршлага, эргэн тойрны хүмүүсийн туулсан амьдралаас харж ойлгосон туршлагадаа үндэслэн бичсэн.
-Нэг жишээ дурдвал...?
-Япон улсад мэргэжлээрээ суралцахаар явсан танилын минь түүх бий. Энд ар гэрийнхэн нь хамаг ажлыг нь зохицуулчихдаг учраас аар саархан ахуйн ажилд тун тааруу. Тэнд очоод хамгийн эхэнд тулгарсан бэрхшээл нь хоол хийх байсан. Хоол хийж чаддаггүй учраас бэлэн голдуу хоол идсэн гэсэн. Гэвч дандаа бэлэн хоол идэх амаргүй шүү дээ.
Бүр угаалгын машин, хатаагчаа ажиллуулж ч мэдэхгүй тул байсхийгээд л гэрийнхэн рүүгээ залгаж асууна. Энэ бүх жижиг асуудалд стресстээд, сүүлдээ бүр өөртөө итгэлгүй болж, буцахдаа тулж байсан ч удаатай.
-Гадаадад суралцахаасаа өмнө ганцаараа амьдарч үзэх ёстой юу?
-Ганцаараа амьдрах гэхээсээ илүү би хэр сэтгэлийн хаттай, тууштай хүн билээ? би юу хийж чадах вэ, юуг заавал сурах хэрэгтэй вэ, асуудал тулгарсан үед би ямар араншин гардаг вэ гэх мэт сэтгэл зүйн хувьд би хэр төлөвшсөн хүн бэ гэдгээ мэдэх нь чухал. Хүн ер нь өөрийгөө ажиглаж анзаарч байж мэддэг шүү дээ.
Хүн хүний онцлог өөр. Зарим нь хүнд нөхцөлд орсон үедээ асуудлаас зугтаадаг, нөгөө нь гарц, шийдэл хайдаг. Буруугаа тохох, булзайруулах арга хайх хүн ч бий. Энэ бүх онцлог нь таныг хэн бэ гэдгийг тодорхойлдог. Танихгүй орчинд очихоосоо өмнө өөрийгөө мэдчихвэл тулгарах саадыг даваад гарч чадна гэж залууст зөвлөх дуртай.
-Ээж аавуудад ч хүүхдээ явуулах бэлтгэл хэрэгтэй байх нь ?
-Энэ хүнийг нэг тийш нь явуулж амьдрал үзүүлмээр байна, яах гэж байгаа нь мэдэгдэхгүй нэг хүн яваад л байна гэж эцэг эхчүүд их ханддаг. Гэтэл яг хүүхэд нь юу хүсэж, юу зорьж байгааг үнэхээр чин сэтгэлээсээ ойлгож дэмжиж байна уу? Эсвэл зөвхөн өөрийнх нь санааг хүүхэд нь хэрэгжүүлээгүйгээс яах гэж байгаа нь мэдэгдэхгүй нэг хүн гэж тодорхойлж байна уу гэдэг ялгаатай. Энэ талаар номын маань сүүлийн бүлэгт бодит жишээтэйгээр орсон ба яаж шийдэх талаар арга нь ч багтсан байгаа.
- Гадаад сурч амьдрахаар төлөвлөж байгаа залуус олон байгаа байх. Гадагшаа явахаасаа өмнө өөрийгөө таньж мэдье гэхээр чухам юуг хийх ёстой юм бол?
-Би Австрали явахаасаа өмнө хувь хүний хөгжлийг сонирхож судалж байсан юм. Тэнд бизнес болон төслийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Үргэлжлүүлэн олон улсын эрхтэй хувь хүний хөгжлийн дасгалжуулагчаар суралцаж мэргэшсэн.
Хүн өөрийгөө таньж мэднэ гэдэг маш чухал. Бидний алдаа оноо, амжилт бүтэлгүйтлийн эх үндэс нь ердөө л өөрийгөө хэн бэ гэдгийг мэдсэн эсэхтэй шууд холбоотой. Бид тэр бүр үүнийг анзаардаггүй юм байна. Ихэнхдээ л өөрөөс шалтгаалаагүй гаднын хүчин зүйлсийг тооцоолж, судалдаг.
Өөрийгөө таньж мэднэ гэдэг маш том агуулга. Би ялангуяа өөрөө төлбөрөө төлөөд сурах залууст гадаадад явахаасаа өмнө дараах асуултуудад хариулахыг зөвлөдөг.
-Гадагшаа явж байвал хаашаа ч хамаагүй явах гээд л яараад байгаа юм биш биз? -Нэг ч болтугай гадаад үг нэмж цээжилж байна уу? -Соёлын ялгааны талаар судалж мэдсэн үү? -Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийхэд бэлэн үү? -Цагийн ажил хайгаад олдохгүй бол яах вэ? -Олдсон ажлаа голохгүй хийж чадах уу ? -Ажиллах, сурах гээд их ачаалалтай үед яаж өөрийгөө тайвшруулах вэ? |
Ядаж л энэ хэдэн асуултад хариулж чадахуйц сэтгэл зүйн бэлтгэлтэй очвол тухайн нөхцөлдөө хурдан дасан зохицдог.
-Та өөрөө энэ асуултад хариулахдаа бэлэн байсан уу, чухам ямар алдаа гаргасан гэж харж байна вэ?
-Явахдаа бид чинь гоё юм бодно шүү дээ. Мөрөөдөлдөө нэг алхам ойртож байгаа юм шиг, сэтгэл хөдөлнө, хөөрч догдолсоор онгоцдоо сууна. Ингээд л бодит амьдралтайгаа нүүр тулж байгаа юм.
Би цалин хөлс, байр сургалтын төлбөрийн талаар нэлээн судалж байж очсон. Гэхдээ хичээлийн хажуугаар ажил хийх яг ямар байхыг төсөөлж ч үзээгүй нь маш том алдаа болсон. Ямар ч байсан ажил хийгээд цалингаараа төлбөрөө төлнө гэсэн бодолтой л очсон хэрэг.
Онгоцноос буугаад л орчиндоо дастал хичээл зүтгэл, сэтгэлийн хат маш их шаарддаггэдгийг залуустаа хэлэхийг хүсдэг.
-Австралид очоод төрсөн анхны сэтгэгдэл?
-Австралид цаг агаар нь дулаахан, орчин нөхцөл нь ч амьдрахад тав тухтай. Эхний хэдэн долоо хоног далайн эргээр зугаалж, хотоор аялаад жигтэйхэн сайхан байлаа. /инээв/ Удалгүй амьдрал эхэлсэн.
-Ажил хэр олдоцтой вэ?
-Ажил голохгүй бол мэдээж ажил бол олдоно. Гэхдээ хичээлийн хажуугаар бол бидний нэрлэж заншсан “хар” ажил л олдоно шүү дээ.
Хэлний мэдлэг дутуугаас эхний ээлжид цэвэрлэгээний ажил л голдуу олддог байсан. Яахав, япон хэлтэй байсан болохоор нэг япон хоолны газар ажилд орсон ч цалин нь маш бага хоёр ээлж давхар ажиллаа гэхэд л хэлний мэдлэг сайн хүмүүсийн хийдэг ажилтай харьцуулахад авдаг цалингаас нь хоёр дахин бага цалинтай байсан.
Учир нь би англи хэлтэй улсад амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж бүх зүйлд англи хэл л шаардана. Миний өөр хэлтэй байх хамаагүй. /Инээв/
Тийм бага цалингаар бүтэн өдөржин ажиллаад, ажлаа тараад харих ч чадалгүй, бие булраад, их шантарна. Энд байхдаа ч тийм ажил хийж үзээгүй хүн чинь “Би юу хийчих вэ?” гэж боддог юм билээ.
-Сонирхолтой түүхээсээ хуваалцахгүй юу?
-Надтай хамт шөнийн галт тэрэгний буудал цэвэрлэдэг монгол охин байлаа. Орой 10 цагт ажилдаа гараад үүрээр зургаан цагт тарна.
Өглөө есөн цагаас хичээлтэй. Хичээлээ тараад ажилдаа явна гэхээр хоногт ердөө 3 цаг л унтдаг гэсэн үг.
Өнөө охин маань түвшин тогтоох шалгалттай хамгийн чухал өдрөө ядраад унтчихсан. Шалгалтаа дахиж өгөхөөр эмнэлэгт үзүүлж, акт бичүүлэхийн тулд 35 доллар төлсөн. Оюутан хүнд их мөнгө шүү дээ. Тэгээд л “Би 35 доллараар нэг цаг унтчихлаа” гээд л уйлаад ярьж байж билээ. Тэгж хөгтэй, инээдтэй ч юм шиг үеийг даваад гарсны дараа их сургуулиа амжилттай төгсөж тэндээ мэргэжлээрээ ажилд орж чадсанд бахархдаг.
Хүн бүрийн нөхцөл байдал өөр өөр. Нэг охин гэрээс нь бүх зардлыг нь явуулчихдаг учраас ганцаараа нэг байранд амьдарна.
Ажил хийх шаардлагагүй гээд ярьж байсныг нь нэг танил маань сонсоход атаархмаар юм шиг санагдсан ч өөрийгөө өөр бусад хүмүүстэй харьцуулахаасаа илүүтэй өөрийнхөө одоо байгаа боломжоо ашиглана гэж хичээсээр хоёр ч сургууль төгсөөд эх орондоо ирсэн.
Тэр хүний ажил хийж өөрөө төлбөрөө төлөх нөхцөлөөс эхэлж байгаа шүү дээ.
Гэсэн ч өөрийнх нь зорилго, мөрөөдөл түүнийг хурцалдаг байсан болохоор тхаанаас нь тийм их хүч гардаг юм болоо гэмээр хичээл зүтгэлийн ундарга байсан учраас одоо түүнийхээ үр шимийг хүртээд явж байна.
-Манайхан очвол болж л таараа гэсэн ойлголттой байдаг. Тэгэхээр бодит нөхцөл байдал дээр амаргүй байх нь ээ?
-Эхний үе чинь зүгээр сорилт байхгүй юу. Үүнийг хүлээн зөвшөөрч чадаагүйгээсээ болоод л түрхэн зуурын саадыг үүрдийн бэрхшээл гэж ойлгоод шантраад байгаа юм.
Үүнийг давж гарахын тулд явахаасаа өмнө сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байх нь чухал.
Гэнэт тулж байснаас өмнө сонсож мэдээд өөрийгөө бэлдэх нь ямар нөхцөл байдал үүссэн бай шийдвэрлэхэд дөхөм байх болов уу гээд гадаад орныг зорих гэж буй залууст зориулж номоо гаргасан юм.
Давшгүй даваа мэт санагдаж байгаа зүйлээ эргээд хараад өөрөөрөө бахархах мөч бол үгээр илэрхийлэх аргагүй сайхан мөч. Тийм мөч танд ч бас тохиолдох л болно гэхдээ явцын дунд таарах нөхцөл байдалд та даваад гарах сэтгэлийн хаттай юу гэдгээс бүх зүйл шалтгаална.
-Энэ үеэ шантралгүй давахад нь юу хамгийн их туслах бол?
-Мэргэжлээ зөв сонгосон уу гэдэг маш чухал. Өдөржин шөнөжин ажилласан ч үргэлжлүүлэх итгэл өгөх зүйл нь таны мөрөөдөл, зорилго байдаг юм шүү. Тиймээс гадагшаа явж байвал хаашаа ч хамаагүй, ямар ч хамаагүй чиглэлээр биш хүсэл мөрөөдөлдөө сонголт хийхийг зөвлөдөг.
Хүсэж мөрөөдөж байгаа зүйл нь тодорхой болсон хүн хэдхэн цагийн нойртой байсан ч гоншгонохгүй, шантрах шалтаг хайхгүй.
Бидний өдөр тутамдаа том зорилгодоо хүрэхийн тулд л хийж буй алхам шүү дээ.
Холбоо барих: Коуч А.Болор-Эрдэнэ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.