РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразил улсын Дөрөвдүгээр тойргийн холбооны бүс нутгийн шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силваг авлигын хэрэгт буруутай гэж үзээд түүнд ногдуулсан ялын хэмжээг 17 жил нэг сар 10 хоног болгон нэмэгдүүлжээ.

“Атибайягийн хэргийн хүрээнд мөнгө угаасан, авлига авсан хэрэгт буруутгагдсан Ерөнхийлөгч асныг яллах шийдвэрийг Холбооны бүс нутгийн шүүхийн дөрөвдүгээр комисс санал нэгтэйгээр баталлаа” гэж  шүүхийн “Twitter” хуудсанд гарсан мэдээлэлд дурдсан байна.

Энэхүү хэрэг нь Сан Паулу мужийн Атибайя хот дахь байшин, газартай холбоотой юм. Хууль сахиулах байгууллагуудын үзэж буйгаар, үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэн нь Лула да Силва боловч түүнийг тойрон хүрээлэгчдийн нэр дээр албан ёсоор бүртгэгдсэн байдаг байна. Атибайя хот дахь байшинг Ерөнхийлөгч асан хууль бусаар олж авсан мөнгөөр худалдаж авсан эсвэл хувийн компаниудад ямар нэг давуу эрх олгосны хариуд түүнд шилжүүлэн өгсөн гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа аж. Харин Лула да Силва уг байшинг үнэхээр худалдаж авахаар төлөвлөж байсан боловч эзэн нь худалдахаас татгалзсан гэж мэдэгджээ.


Лула да Силва авлигатай холбоотой эрүүгийн хэргийн улмаас шоронд хоригдсон  Бразилын Ерөнхийлөгчийг албыг хашиж байсан анхны хүн болжээ. Дөрөвдүгээр сард тус улсын Дээд шүүх түүний хоригдох хугацааг 13 жилээс 8 жил 10 сар болгон багасгасан байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг