Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь 5 дугаар сарын 30-аас 6 дугаар сарын 25-ыг хүртэл хүн амын дунд бруцеллёз өвчний тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ. 

Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүн амаас бруцеллёз өвчний асуумж судалгаа авч, Хан-Уул дүүрэг, Хан-Уулын Жаргалант тосгон, Багануур дүүрэг, Төв аймгийн Мөнгөнморьт, Баянчандмань, Батсүмбэр сумдын иргэдээс нийт 160 цусны сорьц цуглууллаа. Тус судалгаанд хамрагдсан ард иргэдийн бруцеллёз өвчний  талаарх мэдлэгийн түвшин 42.85 хувь, тус өвчнөөс өөрийгөө сэргийлэх дадал, хандлага нь 44 хувь  байгаа нь  зоонозын халдварт өвчний талаар мэдлэг хандлага дутмаг болохыг харуулж байна. Нийт цусны сорьцын 52.5 хувь нь эерэг дүн илэрсэн нь тус нутгуудаар бруцеллёзын халдварын тархалт өндөр хувьтай байгаа нь харагдаж байгаа аж.

Бруцеллёз мэдрэлийг гэмтээж үргүйдэлд хүргэдэг

Хүний бруцеллёз өвчин нь олон эрхтэн тогтолцоог гэмтээж, хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар алдагдуулах,хүндрэл нь тахир дутуу болгох хандлагатай,  мал, амьтнаас хүнд халдварладаг. Уг өвчний үений хэлбэр нь яс үе мөч, тулгуур эрхтэнг гэмтээж тахир дутуу болох, мэдрэлийн хэлбэр нь сэтгэх чадвар, оюун ухааныг муудах, дотор эрхтэний хэлбэр нь уушиг, зүрх, элэг, дэлүүг гэмтээх,  шээс бэлгийн замын хэлбэр нь бөөр, давсагны үйл ажиллагаа ба бэлгийн чадавх сулрах, үргүйдэлд хүргэх уршигтай.

Бруцеллёз өвчний үүсгэгч нян (бруцелл) нь гадаад орчинд тэсвэртэй бөгөөд өвчтэй мал төллөх,  хээл хаях үед хээлийн шингэн, төлийн ус, хагны хамт их хэмжээгээр ялгардаг ба мөн  эцэг мал, амьтны үрийн шингэн, баас, шээсээр ялгарна.

Эд, эсийн дотор амьдрах чадвартай,  дотор хор ялгаруулдаг бөгөөд маш хүчтэй антибиотикт   үхдэг.  Бруцелл нь сүүнд 10-40 хоног, түүхий сүүний бяслагт 45-60 хоног, малын арьс шир ноос, тогтонги усанд 3 сар, газрын хөрсөнд 3-5 сар, өтөг бууцанд 5-6 сар,түүхий маханд 3 сар амьдарч чаддаг их тэсвэртэй нян юм.

 Бруцеллёз өвчнөөс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг өгч байна

1.    Малтай айл өрх, мал аж ахуйн нэгж байгууллагууд мал сүргээ жил бүр бруцеллёз өвчнөөс сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж, охин төлд вакцин заавал тариулах, бруцеллёз өвчтэй малыг тусгаарлах, хэрэгцээлэх.

2.    Төл хүлээн авах, бэрхшээсэн төл гардах, арьс шир бэлтгэх, мал саах, ноослох, хэрэгцээлэх, өтөг бууц цэвэрлэхдээ хөдөлмөр хамгааллын хувцас (амны хаалт, хормогч, резинэн бээлий) өмсөх, малын эхэс зулбадасыг нүхэнд булах, устгахдаа дэгээ ашиглах, эдгээр үйлдлийн дараа гараа савандан бүлээн усаар сайтар угааж занших

3.    Мал, амьтны түүхий сүү, цөцгий, мах, махан бүтээгдэхүүн, элэг, цус, цусан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж, чанаж хэрэглэх, бруцеллёзын шинжилгээгүй малын сүүг амтлахгүй байх, хөөрүүлж 2 минутаас дээш хугацаанд буцалгаж хэрэглэх, мал бруцеллёзтой оношлогдсон үед худгийн ус болон ил задгай усыг буцалгаж хэрэглэх.

4.    Малын өтөг бууцыг дулааны улиралд овоолон хатаах, сийрэгжүүлэх ба 20%-ийн хлорын шохойн уусмалаар ариутгах.