Бид энэ удаа жавар тачигнасан өвлийн хүйтэнд өмсөх гуталгүй өвөлжиж байгаа хүүхдүүдэд гутал тараадаг дулаан сэтгэлт хамт олныг онцолж байна. Хүүхдүүдэд туслах чин сэтгэлээр нэгдсэн залуус “Дулаан гутал” аяныг 11 дэх жилдээ өрнүүлж байгаа ажээ. 

“Дулаан гутал” үндэсний сүлжээг үүсгэн байгуулагч Б.Цэвэгмидтэй ярилцсанаа хүргэж байна.


“Дулаан гутал”-ын дулаан түүх эхэлсэн нь

Би сэтгүүлч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаж байхдаа халуун сэдвүүдийг сурвалжилж байлаа. Тэр дундаа нийгмийн эмзэг бүлгийн асуудлыг сурвалжилж мэдээ сурвалжилга бэлтгэсэн. 

Энэ үедээ хүүхдүүд өвлийн хүйтэнд хавар намрын гуталтай эсвэл зуны пүүзтэй явж, доороосоо даарч жиндэж явдгийг харсан. 

Хүүхэд харцнаасаа андашгүй, гадаа гарч тогломоор байсан ч чадахгүй бүлтгэнээд л. Анх хоёр хүүхдийг дулаахан өвөлжиг гээд хувиасаа гутал бэлэглэсэн юм. Ингэж л олон хүүхдийг гуталтай болгох “Дулаан гутал” эхэлсэн дээ. 


Ямар нөхцөлд амьдарч байгаагаас үл хамааран хүүхэд бүрд нэр төр бий

Сайн үйлсийн аянаа эхлүүлсэн цагаас л хүүхдийн сэтгэл зүйг ойлгодог, мэдрэмжтэй аян хийх юм шүү гэж шийдсэн. Мэдээж эмзэглэлээс л энэ бодол төрсөн. 

Улстөрчид хүүхдийн баяраар эсвэл хичээлийн шинэ жилээр тойргийнхоо хүүхдүүдэд цүнх тараадаг даа. Тэгээд л “Цүнхээ бариад зургаа авхуулаарай” гэхэд хүүхдүүдийн ичиж байгаа нь шууд л мэдрэгдэнэ. Ялангуяа өсвөр насныхан цүнхээрээ нүүрээ нуух шахуу авч байгааг харахаар л “Хүүхдэд тусална. Гэхдээ ийм аргаар биш шүү” гэж боддог байж билээ. 

Ямар ч айлд төрсөн, амьдралын ямар ч нөхцөлд байсан тэр хүүхдүүдэд нэр төр гэж бий. 

Тиймээс л ёс зүйтэй, найдвартай, хүний эрхийн төдийгүй хүүхдийн сэтгэл зүйд мэдрэмжтэй аян өрнүүлж, жишиг тогтоох юм сан гэж дотроо хүсэж мөрөөдөж аянаа эхлүүлсэн.  

Бичлэг үзэх:

“Дулаан гутал”-ын зургуудыг харвал ихэнхдээ хүүхдүүдийг тавчиктай нь зогсоогоод гутлынх нь зургийг дарчихсан байдаг нь ийм учиртай. Хуучин гутлаар нь сургуулийн хүүхдүүд нь таньчих вий гэж гэсэндээ тэр шүү дээ.

Өгч л байгаа юм чинь гээд ямар ч хамаагүй гутал өгөх биш, аль болох л боломжтой айлын хүүхэд өмсдөг, тренд болж байгаа гутал худалдан авахыг хичээдэг. Аль болох өөр загвартай, сонголттой байвал хүүхдүүдийн сонирхолд нийцнэ. Ижил өнгөтэй, нэг загвартай гутлууд байвал тусламжийнх гэдэг нь мэдэгдчих талтай.  Гутал авч өгөх гэж байгаа хүүхдээсээ ямар өнгө, загвар таалагддаг вэ гэдгийг заавал асуудаг. Сонголт олгох бол “Өөрт таалагдсанаа аваарай” гэдэг.


“Дулаан гутал” бол халуун сэтгэлтэй хүмүүсийн нэгдэл 

Гутал л тарааж байгаа мэт харагдавч цаанаа нүсэр ажил болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Сошиал хаягууддаа хандивын пост тавиад чатууддаа хариу өгнө, хуучин гутал хувцаснуудыг очиж аваад угаана цэвэрлэнэ, хими цэвэрлэгээнд өгнө, шинэ гутал хувцас худалдаж аваад яг тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд хүргэж өгдөг.  

11 дүгээр сараас цагаан сар хүртэл нэлээд ажил болно оо. Энэ бүх ажлыг нугалдаг хүмүүс бол дулаан гутлын сайн дурын ажилчид. Дулаан гутал үндэсний сүлжээнд орон даяар 300 гаруй хүн ажилладаг. 

Энэ хамт олноо амар тайван, эв нэгдэлтэй, халуун дулаан яг л нэг гэр бүл шиг сайхан сэтгэлтнүүд нэгдэл гэж боддог. Өөр өөр мэргэжилтэй биднийг хүүхдэд туслах чин халуун сэтгэл л нэгтгэж байдаг.

Гутал авч байгаа хүүхдүүд гутал авсандаа баярладаг бол бид тэднийхээ аз жаргал, баяр хөөрөөс юугаар ч үнэлшгүй их зүйлийг авдаг. Энэ бол хүсэл эрмэлзэл, баяр хөөр, эрч хүч, үргэлжлүүлэн ажиллах дундаршгүй их хүч өгдөг хүч юм. Гуталтай болсон хүүхдүүдийн баяр хөөрийг хараад бидэнд сөрөг зүйлд төвлөрөх орон зай, цаг хугацаа үлддэггүй. 

Бидний сэтгэлийн хүч гэдэг ердөө энэ бяцхануудын баяр хөөр юм шүү дээ. 


Шунал, ядуу сэтгэлгээ, нэр хүндээ өсгөх арга замын дундах нарийн жим

Аянд гутал хувцсаа бэлэглэдэг, хандив өгч байгаа хүмүүсээс олон янзын хандлага нэвт “уншигддаг”. 

Үнэхээр хүүхдэд туслах гээд байна уу, хувь хүнээ сурталчлах гэж байна уу, эсвэл байгууллага маркетингаа хийх гээд байна уу гэдэг нь шууд мэдэгдэнэ.

Эхнээс нь дурдвал, хувцас, эд хэрэглэлээ хаяж чаддаггүй хүмүүс бий. Нэгэнт л хаяж чадахгүй, өөрөө өмсөхгүй учраас манайд өгчихдөг. Тэр хувцаснуудыг нь яаж ч угааж, цэвэрлээд ч хэрэглээ нь дууссан учраас  дахиж хэрэглэхэд тун хэцүү.


Зарим нь хандив өгөөд түүнийхээ оронд өргөмжлөл авмаар байна гэдэг. Гадагшаа сургуульд өргөдлөө явуулахад сайн дурын ажил хийсэн гэсэн баримт хэрэг болоод түүндээ ашиглах гэсэн юм гэдэг. Манай байгууллагад хүмүүсийн хүсдэг шиг өргөмжлөл, шагнал, туузын аль нь ч байхгүй. Ийм өөр санаа зорилготой хүмүүст “Хандивыг нь хүлээж авах боломжгүй ээ” гээд татгалзахаас өөр арга байдаггүй. 


Цаашилбал, манайх танай аяныг дэмжээд байгууллагаа сурталчилж болох уу гэж асууна.

Үүнтэй зэрэгцээд тусламж авах гэсэн хүмүүсээс  ч хэцүү хандлагууд гарна.

Нэг л жишээ дурдъя. Гутал тараагаад явж байтал гуталтай хүүхэд байхаар нь “Танай хүүхэд шинэ гуталтай юм байна” гэтэл “Илүүдэхгүй шүү дээ” гээд авах гээд янз бүрээр үзнэ. Гэтэл өөр нэг газар цасан дээр зуны пүүзтэй гүйж байгаа хүүхэд байгаа шүү дээ. 

Бид шунал, ядуу сэтгэлгээ, хүнийг ашиглах сэтгэлгээ, эсвэл нэр хүндээ өсгөх арга зам хайсан хүмүүсийн ашиг сонирхол дундуурх нарийн жимээр туучсаар яг хүрэх ёстой хүүхдэд нь дулаан гутлаа хүргэдэг. 

Үнэн хэрэгтээ хүүхдүүд хамгийн гярхай. Энэ хүн чин сэтгэлээсээ, миний нөхцөл байдлыг ойлгосондоо надад туслах гээд байна уу, үгүй юу гэдгийг хүүхэд шууд мэдэрдэг. 

Чин сэтгэлээсээ л биш бол ашиг хонжоо харж сайн үйлсийн ажил хийж байгаа томчуудаас хүүхдүүд ичдэг шүү гэж хэлмээр байна. 

Тус дэмийг халамжийн сэтгэлгээтэй бүү андуураарай

Хүмүүст сайхан сэтгэлээр тусалсан ч эргээд янз бүрийн шалтгаанаар сэтгэл зүйгээрээ гэмтчихсэн хүмүүс бий. Тийм хүмүүс тусламжийг халамжийн сэтгэлгээ суулгадаг дэмий зүйл гэж үзээд, буруутгах тохиолдол ч цөөнгүй гарна.  

Би үүнтэй санал нийлдэггүй ээ. Хүүхэд ямар гэр бүлд төрөхөө сонгохгүй шүү дээ. Нэгэнт л санхүүгийн боломжгүй айлд төрчихсөн тэр бяцхан хүүхдүүдийг хүйтэнд дааруулахгүйн тулд тусламж дэмжлэг зайлшгүй хэрэг болно. Үүнийг халамжийн сэтгэлгээтэй хольж ойлгож болохгүй. 

Үнэн хэрэгтээ хүүхдүүд маш шударга байдаг. Би хүнээс юм авах ёстой гэж боддоггүй. 

Ээж аав нь “Авчих” гэж байхад, “Эгч ээ би илүү сайн гуталтай. Надаас ч муу гуталтай хүүхэд мэднэ” гээд дагуулаад ирдэг. Тиймээс хүүхдэд тусалж буй аян хамгийн нүдээ олсон ажил байдаг юм шүү. 

Хэрвээ та хүнд тусалж байгаад гэмтчихсэн бол “Дулаан гутал”-д яваад үзээрэй. “Дулаан гутал” таны шархыг эдгээнэ ээ гэж хэлмээр байна.