БНХАУ-ын Шэнжин хотноо Латин бүжгийн дэлхийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд ХБНГУ-ын бүжгийн ”Grun Gold” хамтлаг оролцож дэлхийн аварга болжээ. Хамтлагийн гишүүдийн нэг нь Монгол улсын иргэн Н.Онондарь юм. 

Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудас дээрээ ийнхүү бичжээ.

“ДАШТ-ий алтан медалийг энгэртээ зүүх нь маш олон зүйлийг надад ухааруулж, ойлгуулж буй мэт...17 жилийн минь хөдөлмөр, хөлс хүчээс гадна ганцхан би гэлтгүй эцэг, эхийн маань хөдөлмөр энэ амжилтад нөлөөлсөн. 2018 он тэр чигээрээ олон зүйлийг дагуулсан хатуу жил байлаа, миний хувьд. Хичээл, бэлтгэл, ажил гурвыг зэрэг амжуулахаас гадна хамгийн чухал нь тэдгээрийг сайн гүйцэтгэх нь чанга байлаа. Уйлаад орондоо орсон маш олон өдөр байсан ч маргааш нь өглөө нь бүр шив шинэ хүн болсон мэт илүү ухаалаг, тэвчээртэй, хүчирхэг болсоор иржээ. Мэдээж хүний нутагт амжилт гаргая гэвэл бүх зүйл хоёр, гурав дахин хэцүү, өрсөлдөөнтэй юм билээ. Гэхдээ одоо л би яг өөрийгөө олсон мэт санагдаж байна. Өөрийнхөө сул талуудаа харж, мэдэх тусам өөртөө илүү дуртай бас хайртай болсон юм билээ. Тэмцээн дуусан дуустал бодож ч байгаагүй, болж байгаагүй хэцүү саад, бэрхшээл дараалан гарч ирсэн ч... Энэ хүртэл ирсэн замаа, олон жилүүдээ хартал би ДАШТ-ий алтан медалийг энгэртээ зүүх бүрэн эрхтэй хүн гэдгээ мэдсэн” хэмээн бичжээ. 

Н.Онондарь өмнө нь "Стар" хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж энэхүү бүжгийн тэмцээнд орж байжээ. Тэрээр 21 настай бөгөөд "Спортын сэтгэл судлал"-аар Германд суралцдаг аж.