Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
05 сарын 19, 2025
Хүүхдийн хөлийн нум хавтгайрах нь хөлийн хэлбэр өөрчлөгдөх, бусад үе мөчинд ачаалал өгч, өвчин үүсгэх зэрэг шалтгаан болдог байна. Хүүхдийн хөлийн нум хавтгайрах шалтгаан, үзлэг оношилгооны талаар “Улаанбаатар Медика” эмнэлгийн үе, мөчний согог заслын эмч Б.Уранбилэгтэй ярилцлаа.
#Машинаар бол хөлийн нум нь бидний “амортизатор” л гэсэн үг
Нэг үеэ бодвол эцэг эхчүүд хүүхдийнхээ хөлийн нумын хөгжилд анхаарч, ач холбогдол өгдөг болжээ. Эсвэл ямар ч ойлголтгүй эцэг эхчүүд ч байна. Нум гэдэг зүйл машинаар зүйрлэвэл энэ нь бидний “амортизатор” гэсэн үг юм шүү дээ.
Амортизатор машиныг тогтвортой, тэнцвэртэй байлгадаг шиг хөлийн нум алхах үед доргилтоос хамгаалж, тэнцвэртэй байхад чухал үүрэгтэй. Амортизатор эвдэрвэл донсолгоо хүчтэй мэдрэгддэг шиг нумгүйдэх буюу хавтгай тавхайн эмгэг нь тулгуур эрхтний гажиг, бөөр нурууны өвчлөл үүсэх дам шалтгаан болдог. Хавтгай тавхай нь хөлийн туслах үеүдэд артроз, стресс үүсэх магадлалыг ихэсгэдэг. Таны бусад тулгуур мөчид эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа гэж ойлгох хэрэгтэй.
#Нумтай гутал өмсөж, улавч хэрэглээд л болчихно гэж эндүүрдэг
Эцэг эхчүүд “нумтай улавч, эсвэл нумтай гутал өмсүүлчихвэл болчихно” гэж эндүүрэх нь бий. Эдгээр хэрэгсэл тодорхой хэмжээнд дэмжих үүрэг гүйцэтгэдэг ч ердөө 20 хувийн л нөлөөтэй гэж үздэг.
Тавхай хавтгайрах буюу нумгүйдэх шалтгааныг удамшлын нөлөөтэй гэж тайлбарладаг ч үндсэн шалтгаан нь хөдөлгөөний дутагдалтай холбоотой. Өдөржин 4 хананы дундаас гаралгүй, гар утас ширтээд байхаар хүүхдийн хөлийн булчингууд хөгжихгүй нь ойлгомжтой шүү дээ.
Хүүхдийн хөлийн хөгжил 6 нас хүртэл маш идэвхтэй явагддаг. Тэрнээс хойш засагдахгүй гэж байгаа юм биш. Гэхдээ 12 нас хүртэл хөгжил нь арай удаан явагддаг.
Тиймээс бага насны хүүхэд хөлд орсон л бол том талбайд чөлөөтэй гүйлгэж, тоглуулах хэрэгтэй. Тэр хэрээрээ хүүхдийн доод мөчдийн тулгуур эрхтний хөгжил сайн хөгжих хөл хавтгайраад, холбоос сулраад байгаа бүтэц ч гэсэн сайн хөгжих боломж бүрддэг.
Ер нь хүүхэд дэлгэцийн хамааралгүй байхад хүссэн хүсээгүй босоод л гүйдэг.
#Аль болох эрт оношлуулж, бага насанд эмчилгээ хийлгэх нь хамгийн үр дүнтэй
Тууштай сайн эмчлүүлж чадвал хүүхдийн нум 1-3 сарын хугацаанд бүрэн эмчлэгддэг. Насанд хүрсний дараа тавхайнд ямар нэг зовуурь үүсвэл тэр нь заавал хагалгаагаар засагддаг.
Манай эмнэлэг тухайн хүүхдийн хөлийн бүтцийн алдагдал ямар байгааг тодорхойлж, мөн хавтгай тавхайнаас гадна доод мөчдийг хамарсан өөр үйл ажиллагаа алдагдсан эсэхийг тодруулж оношилдог. Ингээд шаардлагатай эмчилгээг хийж, хүүхдийн тулгуур мөчдийн хөдөлгөөн засал, эмчилгээг хийж, тодорхой хугацааны дараа хэр сайжирсан байна гэдэгт нь хяналт тавьдаг. Мөн тохирсон улавч, эмчилгээ шаардлагатай бол нэмэлтээр хэрэглэснээр үр дүнг сайжруулна.
#Хөлийн хэлбэр нь буруу бол заавал эмчид ханд
Хүүхдийнхээ хөлийг та хэзээ анзаарсан бэ? Хэлбэр нь өөр байвал заавал мэргэжлийн эмчид хандаарай. Гол нь эрт анзаарах тусмаа эмчлэгдэнэ гэдгийг бүү мартаарай.
Ой хүрэхээс нь өмнө, эсвэл эхний 3 сар дотроо эмчилгээг нь эхлүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал ор мөргүй эмчлэгдэж, хүүхэд хөлд орохдоо гүйж харайна. Хэрэв хугацаа алдаад ойгоос дээш хойшлогдвол эмчилгээ авахад төвөгтэй болж эхэлдэг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.