Бүргэдийн баяр энэ сарын 16-нд эхэлнэ

Монголын аялал жуулчлалын нэг брэнд болсон "Бүргэдийн баяр" энэ сарын 16, 17-нд Сагсай  суманд, ирэх сарын 1-нд Өлгийд болох нь. БОАЖЯ, тус аймгийн ЗДТГ, Бүргэдчдийн холбоо хамтран зохион байгуулах уг арга хэмжээнд 30 гаруй бүргэдчин оролцох аж. Энэ үеэр "Бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан", "Бүргэдээр хиймэл амьтан бариулах", "Көкбар буюу тулам булаалдах тэмцээн", "Хыз хуар буюу хүүхэн хөөх тэмцээн", "Зоос шүүрэх тэмцээн", "Урианхай суурийн харваа" "Казах үндэсний шилдэг хувцастай хос шалгаруулах зэрэг төрөл бүрийн тэмцээн зохион байгуулах юм байна.

Хэдэн бүргэдчин байдаг вэ?

Нэг хэсэг мартагдах шахуу байсан энэхүү соёлыг дэлгэрүүлэхээр анх арваад жилийн өмнө 60 бүргэдчин хамтран “Бүргэдчдийн холбоо”-г байгуулж байжээ. Тус холбоонд казах түмний бүргэдээр анх хийх арга ухааныг өвлөж ирсэн 600 гаруй бүргэдчин бүртгэлтэй. Тэдний ихэнх нь үе дамжин бүргэдээр ан хийж ирсэн нутгийн уугуул иргэд юм. Энэ баяр нь тэдний гэр бүлийн хувьд зөвхөн баяр төдийгүй амьжиргаагаа сайжруулахад ч багагүй дэм болдог арга хэмжээ ажээ. “Бүргэдийн баяр”-таа тус холбооныхон Баян-Өлгий аймгаас шигшигдсэн 30-90 бүргэдчинг оролцуулдаг. Тус баярыг нэг удаад дунджаар 2000 гаруй иргэн, гадаадын 700 орчим жуулчин үзэж сонирхдог. Бүргэдийн баяраар хүмүүсийн анхаарал татдаг өвөрмөц агшны нэг нь казах түмний үндэсний наадгай буюу тулам алчуур шүүрэх тэмцээн байдаг гэнэ. Дашрамд сонирхуулахад Монголд 600 бүргэдчин байдаг бол Казахстанд 100 бүргэдчинтэй.


Бүргэдийн баярын гол баатруудын нэг нь  Айшолпан

ЮНЕСКО-гийн биет бус өвд багтсан бүргэдээр ан хийх соёл өдгөө манай улсад жуулчид улирал харгалзахгүй ирэх шалтгаан болоод байгаа билээ. Дэлхийн улс орнуудад шонхор, харцага, бүргэд гэх мэт цөөн төрлийн шувууг ан авд ашигладагийн нэг нь манай улс юм. 

Цэнхэр гаригт цармын бүргэдээр ан хийдэг ястан Монголд л байдаг учраас жуулчид хэрэг болгож Баян-Өлгийг зорьдог байна. Цармын бүргэд Европод 5000-6000, Азид 15000, Хойд Америкт 20000 орчим байдаг гэсэн статистик бий. Манай улсад албан ёсоор тоолоогүй, ердийн тархацтай шувуудын тоонд ордог юм. 

Бүргэдийн баярыг зорин ирж байгаа жуулчдын ихэнх европчууд. Зөвхөн энэ баярыг үзэхээр Улаанбаатарт буунгуутаа Баян Өлгий рүү тийзээ захиалдаг жуулчид ч цөөнгүй байдаг гэж Монголын аялал жуулчлалын холбооныхон ярьж байна. Тэдний хувьд өвөрмөц соёл ёс заншилтай танилцаж бүргэдээр ан хийхийг хажуунаас нь харж зураг авахуулна гэдэг “хүслийн жагсаалт”-ад орох мөрөөдлийнх нь нэг байдаг аж.

Сүүлийн хоёр жил энэ баярт бүргэдээс ч дутахгүй од болж байгаа нь Айшолпан охин гэдгийг онцлохгүй өнгөрч болохгүй. Казах түмэн 15 нас хүрч байж бүргэд сургах хүч тэнхээ, ухаан суудаг хэмээн үздэг. Харин аравхан настайгаасаа найман кг бүргэдийг мөрөн дээрээ суулгаж аавыгаа дагаж ан хийж Алтай Таван Богд руу дүүлж эхэлсэн Айшолпан охин “The Eagle Huntress” баримтат киноноос хойш алдаршжээ.

 Айшолпан охин энэ жилийн бүргэдийн баярт урьдынхаараа оролцоно. Энэ үеэр түүнээс ярилцлага авах барууны сэтгүүлчид цөөнгүй ирэх юм байна.  “The Eagle Huntress” баримтат кино Торонтагийн кино наадамд оролцож, Оскарын наадмын баримтат киноны эхний шалгаруулалт гээд олон кино фестивалд оролцоод байна. Мөн тэрбээр хэдхэн хоногийн өмнө  “Asia Game Changer Awards” буюу Ази тивийн ирээдүйд эерэг өөрчлөлт бий болгосон есөн хүний нэгт багтаж шагнал авахаар болжээ. Энэхүү шагналыг Нобелийн шагналтнууд, дэлхийн алдартнууд хүртэж байсан юм. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.